Хотын захын хорооллын айлуудаар зочилж, шинэ оны бэлэг гардууллаа

Хэдхэн хоногийн дараа гарах шинэ оныг угтсан сайн үйлсийн аяныг нийгмийн хариуцлагаа ухамсарлагч аж ахуй нэгж болоод сайхан сэтгэлт залуусын нэгдлүүд өрнүүлсээр байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд “Пинк товер” констракшнийн хамт олон хэсэг залуусын хамтаар хотын захын гэр хорооллын айл өрхүүдээр явж, амьдралд нь бага ч гэсэн тус нэмэр болох гурил, будаа, тос болон нүүрс, түлээ зэргийн тусламжийг үзүүллээ. Мөн тэдгээр айлын бяцхан үрсэд гарын бэлэг гардууллаа.
Ингэхдээ ямар нэг төрийн байгууллагатай хамтраагүй бөгөөд хорооноос нь зорилтот бүлгийн айл өрхийг заалгаагүй юм. Өөрсдийн биеэр гэр хороололд хоногийн хоолгүй, түлэх түлээгүй байгаа өрхүүдийг хайж олон газар дээр нь тусламж үзүүлсэн нь энэ юм.
Шинэ жилийн баяр бол хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг үлдээж өгдөг. Энэ нандин дурсамж шинэ жилийн баяраар ээж ааваасаа, эмээ өвөөгөөсөө авсан баярын бэлэгтэй зайлшгүй холбоотой байдаг. Үе тэнгийн хүүхэд багачууд нь эцэг эхээсээ авсан бэлгээ сугавчлан баяр хөөр дүүрэн гүйх тэднийг горьдлогын нүдээр харж зогсох тэдгээр өрхийн хүүхдүүдийг бага ч гэсэн баярлуулах үүднээс тус аяныг зохион байгуулсан гэдгээ залуусын төлөөлөл хэлж байсан юм.
Ийнхүү тэдгээр айлуудаар зочилж явахад дөнгөж 40 шүргэж яваа хэдий ч бага насны олон хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй, зөвхөн сар бүр авдаг хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг айлтай ч таарч байлаа. Мөн цагийн сайханд ардын хүүхдийг сурган хүмүүжүүлж явсан багш бүсгүй эрүүл мэндийн улмаас ажлаа хийж чадахгүй болсноор амьжиргаагаа залгуулах боломжгүй болж уулын энгэр жижиг дөрвөн ханатай гэрт бага насны хүүхэд ач, зээ нарынхаа хамт ядруухан амьдарч буйтай таарлаа. СХД-ийн Ногоон чулуут хэмээх газарт амьдардаг иргэн М.Алтанцэцэгийн хувьд өрх толгойлсон эмэгтэй ам бүл тавуулаа амьдардаг аж. 2008 оноос хойш тухайн газарт амьдарсан тэдний хүүхдүүд нь сургуульдаа нэг км газар алхаж очдог байна. Ингэж явахдаа харанхуй гудамж, хог асгасан гуу жалгыг дайран явдаг аж. Сургуулийн насны хоёр хүүхэд, нэг оюутантай энэ өрхийн хувьд амьжиргаагаа залгуулах гол орлого нь сар бүр авдаг хоёр хүүхдийн нийлээд 40 мянган төгрөг юм байна. Иймээс өвлийн хүйтэнд түлээ нүүрсээр ихээхэн гачигддаг байна. Өдөрт галаа түлэхгүй хөнжилдөө орж хэвтэж, орой болохоор л галаа түлж дулаацдаг тухайгаа ярьж буй бүсгүйн амьдрал Монголын олон мянган өрхийн нэгээхэн төлөөлөл юм.
Энэ мэт нэлээд хэдэн айлаар орж явсаар хамгийн сүүлд тавхан настай жаал нас өндөр гарсан хэвтрийн эмээгээ асарч тойглон амьдарч байгаатай таарсан юм. Эмээ хүү хоёрын хувьд СХД-ийн 22 дугаар байранд нэг өрөө байранд амьдардаг бөгөөд тэднийг эргэж тойрох хүнгүй тул зөвхөн хоёр биенээ түшин амьдардаг аж. Таван настай хүү эмээдээ цай чанаж, шөл буцалгаж өгөхөөс гадна өтгөн, шингэнийг нь хүртэл зөөдөг байна. “Би жаахан болохоор плиткандаа хүрдэггүй тул цай чанахдаа сандал дээр гарч байгаад, усаа хийгээд идээгээ хийгээд сүү хийж буцалгаад эмээдээ цай чанаж өгдөг” хэмээн хэвлүүлэх ярих хүүгийн ээж урд хөршид ажилладаг гэхээс өөр сураг байдаггүй юм байна. Эмээгийн хувьд хоёр охинтой бөгөөд том охин нь 10 гаруй жилийн өмнө БНСУ-ыг зорьсноос хойш сураг алдарчээ. Бага охины хувьд хүүгээ ээж дээрээ орхиод урд хөршийг зориод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ээж хүү хоёрыгоо төдийлөн эргэж тойрч, асардаггүй тухай эмээ нүдэндээ нулимстай өгүүлж сууна. Ийм л нэгэн эрээнтэй бараантай амьдралын нэгээхэн хэсэгтэй санаа нийлсэн бидний хэдэн залуусын төлөөлөл уулзаж, баяр дөхсөн энэ өдрүүдэд бага ч гэсэн чин сэтгэлийн бэлгийг гардууллаа.
olloo.mn