“Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжлээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Монцемент үйлдвэрийн төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 16 зүйлтэй бөгөөд гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах, Засгийн газар, Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад гэрээний үндсэн асуудлуудыг тусгасан байна. Хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт  технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монцемент үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тонн чулуунцар, нэг сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм. Бүрэн автоматчлагдсан, байгаль орчинд ээлтэй технологи бүхий хуурай аргын цемент, шохойн үйлдвэрийн энэ төсөл улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх тооцооллыг хийсэн байна. Мөн 375 иргэн ажлын байраар хангагдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button