Тусгай хамгаалалттай газарт гадны иргэнд МАА эрхлэх зөвшөөрөл олгосон байна шүү, Н.Батцэрэг сайд аа

Сүүлийн үед Дорнодын сайхан тал нутаг олны анхаарлаас гарахаа байлаа.  Хөдөө аж ахуйн чиглэлээр Чөлөөт бүс байгуулах асуудлаас эхлээд тус нутгийг сонирхох хүмүүс олон. Тэгвэл энэ сарын дундуур тус аймгийн Сэргэлэн сумын нутагт Улсын тусгай хамгаалалттай газар Хятадууд мал маллаж байна гэх мэдээлэл орон нутгийн телевиз "ТВ-9 Инфо" Үндэсний сүлжээгийн эх сурвалжтайгаар цахим ертөнцөд тархаж, олны анхааралд өртөх болсон. Гэвч эл асуудал өнөөг хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй, эл хууль бус үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт хэвээр байна.

Уг мэдээлэлд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Н.Гүррагчаа эрх мэдлээ ашиглан, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин 2015 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Хятадын “Ши Янь” компанийн захирал  Жөү Зин Жун гэдэг хүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулан Улсын тусгай хамгаалалттай Яхь нуурын нөөц газарт мал аж ахуй эрхлэх зөвшөөрлийг олгосон тухай өгүүлжээ.

Уул нь тусгай хамгаалалттай газар мал аж ахуй эрхлэх нь гаднынханд хориотой. Иймээс нутгийн иргэд энэ үйлдэлд сумын засаг дарга хийгээд Дорнодын УТХГ-ын даргыг буруутахй хэмээн үзэж байгаа ажээ.

Монголчууд өөрсдөө ч тусгай хамгаалалтад орсон газар нутагт мал аж ахуй эрхлэх талаар тэр бүр ойлголт муу. Ийм атал бүр гадны улсын иргэнд газар эзэмших эрх олгосон нь олны хараанд өртөхөөс ч аргагүй юм.

Тэрхүү мэдээллээр Хятадын “Ши Янь” компани Монгол иргэдээс малыг худалдан авч 2000 гаруй болгон Тусгай хамгаалалттай бүсэд өвөлжиж байгаа ажээ.

Тэгвэл энэ талаар Сэргэлэн сумын Засаг дарга Н.Гүррагчаа ийн тайлбар хийжээ. Тэрбээр “Бидэнд шаардлага хангахуйц гэрээг байгуулаагүй байна. Иймээс энэ гэрээгээ цуцлана уу гэдэг шаардлагыг зарим хүмүүс өгсөн.  Манай зүгээс Дархан цаазат газарт хийсэн энэ гэрээг цуцлая гэдэг шаардлагыг иргэн Доржшүхэртэд хүргүүлчихсэн байгаа” хэмээн ярьж байна.

Мөн “Ши Янь” компани өөрийн малаа Монгол малчдаар маллуулж цалинжуулдаг. Мөн тус сумын 2 оюутны сургалтын төлбөрийг төлж байгаа. Газар эзэмших гэрээ таван жилээр хийгдсэн гэдгийг ч өөрөө батлан хэлжээ.

Тэгвэл “Ши Янь” компанийн малыг малладаг малчин, тус компани анх малаа маллуулахдаа нийгмийн даатгал төлнө гэж байсан ч одоогоор  өөртэй нь ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн нийгмийн даатгал төлөөгүй байгаа гэдгийг ярьж байна.

Харин Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр хэд хэдэн зөрчил илрүүлж, хэд хэдэн шаардлагыг холбогдох хүмүүст нь хүргүүлээд байгаа гэнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-ын 2 дахь заалтад Гадаад улсын хуулийн этгээд, Олон улсын байгууллага, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд газар ашиглахыг хориглоно хэмээн заасан байдаг байна.

Сэргэлэн сумын Байгаль орчны байцаагч Я.Ганзориг “Тусгай хамгаалалттай гаазр нутагт хуулийн заалтаараа гадаадын аж ахуй нэгжид газар эзэшүүлэхийг хориглосон байдаг. Гэрээн дээрээ Хятад иргэн гэж байхгүй, Доржшүхэрт гэж Монгол Улсын иргэнтэй гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ нь өөрөө хууль бус. Үүний дагуу Доржшүхэртэд албан шаардлага хүргүүлсэн. Хашаагаа нүүлгэ гэдэг шаардлага тавьсан. Мөн модны бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан. Гэтэл энэ шаардлагыг биелүүлээгүй. Иймээс Төрийн хянан шалгах тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан” хэмээн мэдэгдэж байна. Гэсэн ч эл асуудал шийдэгдээгүй аж.

Тэгэхээр энэ бүхнээс харахад, Тусгай хамгаалалттай газар нутагт Хятадын компанид Монгол хүнээр дамжуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Улсын тусгай хамгаалалттай Яхь нуурын тусгай хамгаалалттай газарт Дорнодын УТХГ-ын дарга Х.Дашдорж гэх эрхэм эрх мэдлээ урвуулан ашиглан Хятадын Шинь Ян компанид 5 жилийн хугацаатайгаар газар ашиглуулах гэрээг 2015 оны 5 сарын 6-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа Монгол улсын иргэн Б.Доржшүхэрт гэдэг хүний нэр дээр гэрээг үйлдсэн болж таарч байна.

Тэгвэл энэ хууль бус үйлдлийн хариуцах эзэн хэн бэ гэдэг ч хариултаа олчих шиг боллоо.

Тусгай хамгаалалттай газарт Монгол иргэд арай ядан гэрээгээр газар ашиглаж байхад Хятадуудын малыг хэдэн мянгаар нь оруулж байдаг эрх мэдэл нь дэндсэн дарга нарынхаа асуудалд салбар яам нь арга хэмжээ авах бол.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button