Санал хураалтын 50 хувьд хяналтын тооллого хийхээр тохиролцоонд хүрчээ

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуулийн зарим заалтаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрч чадсан байна.

Сонгуулийн санал хураалтыг автомат машинаар, эсвэл гараар тоолох асуудалд намууд багагүй маргаантай байсан. Харин ажлын хэсгийн түвшинд ойлголцолд хүрч, санал хураалтыг автомат машинаар тоолсон ч 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого явуулах нь зөв гэж үзжээ. 

Сонгууль явуулах тогтолцооны хувьд 28:48 харьцаатай байх бөгөөд 28 нь бүсчилсэн хэлбэрээр, 48 нь томосгосон тойргоор буюу одоогийн байгаа тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналд зарчмын хувьд тохирч байгаа аж. Одоогоор Монгол Улсыг таван бүсэд хуваана гэж ярьж байгаа юм байна. 

Үүнээс гадна УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах асуудлаар "болохгүй зүйл байхгүй" гэж үзэцгээжээ. Гэхдээ энэ тал дээр эцсийн тохироо гараагүй байгаа юм. Харин зарим гишүүдийн санал болгож байсанчлан Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах эсэх талаар ажлын хэсэгт ярилцаагүй аж. 

Сонгуулийн хуульд хэрэв өөрчлөлт оруулах бол сонгууль болохоос зургаан сарын өмнө баталдаг. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчилж батлах боломжтой сүүлийн хугацаа энэ сарын 31-нд дуусна. Харин нам, эвслийн бүлгүүд үүнээс өмнө амжиж Сонгуулийн хуулийг өөрчилж болно гэж үзэж байгаа бололтой. 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button