Хэрэглэгчдийг хохироовол 2.1 тэрбум хүртэл төгрөгийн торгууль ногдуулна

ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан бөгөөд удахгүй холбогдох албан тушаалтнуудад өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
Шинэчилсэн найруулгад хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байгууллагад ногдуулах торгуулийг дахин хууль зөрчүүлэхгүйн тулд өндөр тогтоож өгчээ.
Хэрэглэгчийн эрхийг хохироосон зөрчлийг шинж тэмдэг, давтамж, хамрах хүрээ, хор хохирлоор нь хөнгөн, ноцтой, маш ноцтой гэж ангилаад хөнгөн зөрчилд 21 сая хүртэл, ноцтой зөрчилд 21-210 сая, маш ноцтой зөрчилд 210 саяас-2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулахаар заажээ. Одоо мөрдөж байгаа хуульд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн иргэнд 10-15 мянган төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 50-250 мянган төгрөгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль хэрэгжүүлэх үр дүнтэй хөшүүрэг болж чадахгүй, нөлөөлөх нөлөө нь улам буурсаар байгаа учраас ийм заалт оруулахаар шийдсэн гэнэ.