Хөршөө танихаа байсан Монголчууд

Төр солигдож, төрөл арилжих шиг амархан зүйл үгүй болсон энэхэн замбуулинд айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг хэмээдэг зүйр үг тэнэг хүний эрхэмлэх зүйл болсон бололтой. Өмнө нь бид яадаг байлаа даа. Таван см-ийн банзан хашаагаар тусгаарлагдсан хөрш хашааныхаа айлыг байтугай гудамжныхаа бүх айлуудыг том жижиг гэлтгүй зүс таньдаг, орон сууцныхан нь орцныхоо айлуудыг анддаггүй, байнга гэртээ хүнтэй байдаг айлдаа түлхүүрээ тавьцгаадаг, хэнийх гэртээ утастай байна тэднийх л хөдөө, орон нутгийн ах дүүстэй нь хэл залгуулдаг, шаардлага гарвал үүр шөнийн алинд ч утсаар ярих айлынхаа хаалгыг тогшоод зогсч байдаг байсныг санаж буй нь лавтай.
Зарим нь муухан ах дүүсээс илүүтэй дотно болцгоон, байх байхгүйгээ зөөцгөөх. Аяга элсэн чихэр, хоолны давс, ширхэг сонгино, барааны саван, юм угаадаг ванн, усны тэрэг, 40 литрийн бидон, түлээний сүх, хүрз, алх, хөрөө гээд гуйхгүй зүйлгүй зарим нь дундын эзэмшлийн хогшил шиг л байцгаадаг байсан.
Өглөө авлаа, эвдлээ, муухай болголоо гэж араас нь тэр бүр гонгиноод байхгүй дээ. Үүнээс гадна хэн нэгнийд нь зовлон тохиолдвол гудамж, орцоороо хөдөлж, зовлонгоос нь хуваалцахаа мэднэ. Бас шөнийн ээлжтэй нэгнийх нь хүүхдээ харуулах хүнгүй бол настай хүнтэй айлдаа орхиод явах. Тэглээ гээд хүүхэд асарсны, хоолны мөнгө нэхэж сүйд болохгүй. Малчид ч ялгаагүй хөдөө хээр яваа үхэр, адууг “Энэ тэдний мал байна” гээд санаагаараа туугаад ирэх. Хот айлаас хэн нэг нь сумын төв рүү алба амины ажлаар мордох бол хот айлынхаа хүүхдүүдийг хүний өөрийн гэх ялгалгүйгээр эргэж тойроод, уранхай цоорхойг нь оёж нөхөөд өгөх монгол ухаан тэдэнд буй. Яасан ч санаа амар “амьтад” байсан юм хөөрхийс.
Одоо энэ бүхэн ул болжээ. Зэрэгцээ хаалгандаа хэнийх гэдэг айл амьдардгийг мэдэх сонирхол ч байхгүй. Хаалган дээр таараад ч мэндийн зөрүүгүй. Найрлаж байгаа дуулдах аваас ханаа халбагаараа нүдэн дургүйцэж буйгаа илэрхийлчихнэ.
Дээд айл нь ус алдсан байвал хаалгыг нь балбан сүржигнэн, цагдаад өгнө хэмээн айлгаж байгаад л хохирлоо барагдуулж орхино. Орчин цагийн монголчуудын, аж байдал нэг иймэрхүү. Үүнийг нь орон байрны хулгайч нар андахгүй. Бараг л бурхнаас хайрласан боломж мэтээр үзэхийг яана. Тиймгүй байтлаа гэгээн цагаан өдөр, гэрэлт нарны дор бариастай байсан таван ханат гэрийг эд хогшилтой нь өөрийн гэрээ нүүлгэж байгаа мэт ачаад явсан тохиолдол хэд хэд гарсан байх юм. Хөрш нь “Танайх нүүж байгаа юм уу. Хашаагаа зарах юм уу” гэхэд нь “Тиймээ нүүж байна, хашаагаа зарахгүй, ахынх маргааш хөдөөнөөс нүүж ирнэ” гэж ирээд л хээв нэг залдаг гэнэ шүү, хулгайч нар. Орон сууц ч адил. Ай нүүгээд байгаа юм шиг л зурагт мэтийн гарт багтах цахилгаан бараа, хивс зэргийг тэврээд гарч байхтай зөрөх аваас “манай хөрш байраа түрээслэдэг байж дээ” гэх ухааны юм бодоод л өнгөрөх. Зарим нь анзаарах ч үгүй биз. Монголчуудын энэ хэнэггүй, дөрвөн ханан дундаасаа хэтрэхгүй богино ухаан бусдад чухамдаа хулгайч нарын өгөөш болж буйгаас өөрөөр сайн зүйл авчрах нь үгүй.
Өнгөрсөн хавар юм даа, цайны цагийг далимдуулан гэр рүүгээ орж явтал дунд эргэм насны эр эм хоёр хөршийн маань хаалгатай ноцолдоод байх юм. Манайх давхрынхаа мухрын айл учраас гэрэл бүүдгэр тусдаг. Би цоожны нүхээ тулхүүрээрээ тэмтчиж байх зуурт “Хурдлаач. Наад олон түлхүүрээс чинь таарах юм алга уу. Ингэж мунгинаж байх зуур орцны цэвэрлэгч нь ороод ирвэл баларна гэж мэд” гэх эмэгтэй хүний бачимдан аахилах дуу чихний үзүүр шүргээд явчихав. Би сандрахдаа шууд л СӨХ руу харайлгаад хүн дагуулаад иртэл өнөө хоёр сураггүй алга болсон байв. СӨХ-ны ажилтан “Энэ байрыг гадны хүн түрээсэлдэг. Уурхайд ажилладаг юм шиг байсан. 45 хоног сураггүй байснаа гэнэтхэн л ирсэн харагддаг юм” гэдэг байгаа. Үүнийг хулгайч нар хэдийнэ анзаарчихаад ажлын цагаар “нүүлгэх” гэж байсан нь тэр аж. Надтай таарсан нь л энэ.
Хулгайч нар үдэш цагаан гэгээ тасрахаас өмнө байрны гадуур эргэлдэн хэдэн давхрын цонх гэрэлгүй байна гэдгийг мэдэж авчихаад судлах ажилдаа ордог гэж танил мөрдөн байцаагч маань өгүүлсэн юм даг. Ялангуяа зуны дэлгэр цагт, амралтаа аваад эцэг эх, нутаг ус руугаа олон хоногоор явсан айл хулгайд өртөх нь элбэг хэмээсэн. Улиран одож буй 2015 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 58 мянган айл орон байрны хулгайд өртсөн байх юм. Хэрэв зээ хөршөө таньдаг, тэдэндээ орон гэрээ захиж үлдээдэгсэн бол энэ тоо 58 мянга биш 16 мянга байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хөрштэйгөө танилцаж, айл хүний амь нэг зарчмаар амьдарцгаая.
Ч.Чулуун