Увсын 16 суманд өвөлжилт хүндэрчээ

Увс аймагт 92 багийн 10967 өрхийн 2.6 сая мал өвөлжиж байна. Тус нутгаар зуншлага тааруу, нутгийн 50 орчим хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай зусчээ. Өвөлжилтийн байдал Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Түргэн, Сашл, Малчин, Хяргас, Зүүнхангай, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнеговь, Ховд, Өндөрхангай, Тариалан суманд хүндрээд байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд ажилласан байна. Энэ үеэр аймгийн зүгээс өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх, давааны цас цэвэрлэх, зам гаргах, малчдад төрийн болон яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн малын өргөн хэрэглээний эм бэлдмэл худалдан авах зэрэгт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, малчдын гар дээр байгаа мал, махыг худалдан борлуулах, гадаад улсуудад экспортлох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос хүсчээ. Хурлын дараа Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох үүрэг, даалгаврыг өгсөн байна.