Багийн халз барилдаанд "Хилчин"-гийнхэн ялж, 10 сая төгрөгөөр шагнууллаа

Чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөө анхдугаар тэмцээн Спортын төв ордонд амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнийг нээж тус тэмцээнийг 31 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн “Арж капитал” компани захирал Х.Мөнх-Эрдэнэ үг хэлэхдээ “Манай компанийн хамт олон спиртийг биш, спортыг дэмждэг хамт олон байх зорилгын хүрээнд энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна, ирэх жилүүдэд уламжлал болгон зохион байгуулах бодолтой байна” гэж онцлон өгүүлсэн.
Тэмцээнд З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны I баг”, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны II баг”, Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Д.Батням дасгалжуулагчтай “Цастын барс” клуб, Д.Мөнхбаяр, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан-Налайхын нэгдмэл баг”, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Охидын академийн баг “ зэрэг 7 баг хоёр хэсэгт хуваагдан барилдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийн багш, олон улсын шүүгч ХЧойжилжав ажиллажээ.
Тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, С.Бямбацэрэн, Э.Даваачимэг, Г.Наранчимэг, Б.Нямгэрэл, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, П.Орхон, Э.Сумьяа нар тэргүүлсэн өнөө цагийн шилдэг ахмад болон залуу үеийн эмэгтэй бөхчүүд зодоглов.
“Цастын барс” багийг 7:1, “Арслан-Налайхын нэгдмэл баг”-ийг 7:1 онооны харьцаагаар хожсон “Хилчин” спорт хорооны баг нь “Алдар спорт хорооны II” багийг 8:0, “Охидын академийн багийг 4:4, “Алдар спорт хорооны I” багийг 5:3 онооны харьцаагаар ялсан “Хас-Мегастарс” багтай нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж "Хилчин" баг 5:3 онооны харьцаагаар ялж Алтан цом, 10 сая төгрөгөөр шагнагдлаа. “Хас-Мегастарс” баг хоёрдугаар байр эзэлж 8 сая төгрөгийн шагнал хүртлээ.
“Алдар спорт хорооны I” баг “Арслан-Налайхын нэгдмэл” багтай гуравдугаар байрын төлөө өрсөлдөж,
7:1 онооны харьцаагаар ялж 5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Дөрөвдүгээр байр эзэлсэн “Арслан-Налайхын нэгдмэл” баг 800 мянган төгрөгийн шагнал авчээ.
Өмнөх тойрогт “Алдар хорооны II” багийг 6:2 онооны харьцаагаар буулган авсан “Охидын академийн баг“ тавдугаар байрын төлөө барилдаанд “Цастын барс”-ийг онооны харьцаагаар хожиж 500 мянган төгрөгийн шагнал дээр буужээ.
Тэмцээний шилдэг бөхөөр Гавьяат тамирчин С.Батцэцэгийг шалгаруулжээ.
Харин МЧБХ-ноос “2016 оны Шилдгийн шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Ю.Батсайханыг, “2016 оны шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Х.Ганболдыг шалгаруулж цом, дурсгалын самбар, мөнгөн шагналаар урамшууллаа.
Тэмцээн маш их өрсөлдөөнтэй болж он гаруут болох 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний өмнөх том сорилго боллоо.
olloo.mn