Б.Мэнджаргал: Өвөлжилт хүндэрсэн аймгуудад эрсдлийн үнэлгээ хийх хоёр шуурхай бүлэг ажиллаж байна

Орон нутгийн өвөлжилтийн болоод бусад асуудлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэнджаргалтай ярилцлаа.
-Мал аж ахуйн салбарын хувьд энэ жилийн өвлийн бэлтгэлийг хэр хангаад байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан тайланг өнгөрсөн аравдугаар сард бүх аймгаас авч нэгтгэн арваннэгдүгээр сард Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулсан. Нэгтгэсэн тайлангаас үзэхэд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 85.7 хувьтай хангасан дүн гарсан. Энэ оны хувьд улсын хэмжээнд хамгийн олон төл мал буюу 18.0 сая гаруй төл хүлээж авсан байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нэгдсэн тайлангаас үзэхэд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд нийтдээ 56.3 сая мал өвөлжиж, хаваржихаар урьдчилсан тооцоо гарсан. Одоогоор улсын хэмжээнд 2015 оны жилийн эцсийн мал тооллогын ажил явагдаад дуусч байна, удахгүй малын тоо эцэслэж гарна. Олон жилийн дунджаас дүгнэж харахад дотоодын хэрэгцээнд 10 гаруй сая малыг хэрэглэдэг тооцоо бий, мөн өвөлжилт хүндэрч болзошгүй тул малчид ч гэсэн малаа ангилах, мах бэлтгэх, борлуулах зэрэгт илүү анхаарч ажиллаж байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл олон хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн хувьд өнгөрсөн тав, зургадугаар сард хур тунадас бага орж, нийт нутгаар гандуу байсан. Тиймээс бэлчээрийн өвсний гарц муутай байлаа. Үүнээс болж нийт нутгаар хадлан бэлтгэлийн ажил тааруухан болсон. Түүнчлэн өмнөх жилүүдийг бодвол энэ жил махны үнэ хямдарсан. Тиймээс малчид бэлэн мөнгөгүй байсан нь хангалттай хэмжээний малын өвс, тэжээл бэлтгэж чадахгүй байх зэрэг шалтгаан байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ оны долдугаар сарын 07-нд Засгийн газрын 292 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор аймаг, сум бүрт өвөлжилтийн аюулгүй байдлыг хангах үүднээс, өвс, тэжээлийн нөөц бэлтгэх албан даалгавар өгсөн. Албан даалгаврын дагуу аймаг, сумд өвс, тэжээлийн нөөцийг 70-80 хувь бэлтгэсэн байгаа. Энэ бэлтгэсэн өвс тэжээлээ ашиглана. Ер нь тухайн орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрлээ гэхэд малчид эхний арга хэмжээг өөрсдөө авах ёстой. Үүний дараа сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн шат дараалсан арга хэмжээг авна.
-Малчдад дэмжлэг болгох үүднээс арьс ширний урамшуулал олгодог биз дээ. Уг урамшуулал хэзээнээс олгогдох вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн яам нь “Мал хамгаалах сан”-гаар дамжуулан нийт хоёр сая гаруй ширхэг бод болон богийн арьс ширний урамшуулалд 7.9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү мөнгийг энэ оны арванхоёрдугаар сарын 18-наас Монголбанк дахь “Малчин” дансанд байршуулан олгож эхэлсэн. Энэхүү урамшуулал нь малын мах хямдарсан энэ үед малчдад зохих хэмжээний дэмжлэг болж, малын тэжээл, өвс худалдан авахад дэм болно гэж найдаж байгаа.
-Хэчнээн аймагт өвөлжилт хүндэрч магадгүй байгаа вэ. Хэрвээ өвөлжилт хүндэрвэл Засгийн газраас хэчнээн төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бол?
-Одоогийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт 7-12 см зузаан, нягт нь 0.02-0.27 гр/см3, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см зузаан, нягт нь 0.12-0.18 гр/см3 байна гэсэн мэдээ Онцгой байдлын ерөнхий газраас ирсэн. Гэхдээ цаг агаарын мэдээнээс харахад сүүлийн өдрүүдэд цас нэмж орох, хүйтрэх төлөвтэй байгаа учраас орон нутаг ялангуяа малчид анхаарч ажиллах шаардлагатай. Засгийн газраас өвөлжилт хүндэрч болзошгүй байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авах, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэр гарсан. Үүнд улсын нөөцөөс өвс үнэгүй, малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, зарим аймгийн хүн эмнэлэг, шуурхай албадыг хэрэгцээт автомашинаар хангах, мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээл тээвэрлэх, зам даваа чөлөөлөх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг олгохоор шийдвэрлэсэн. Улсын онцгой комиссын зүгээс ахлан өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллан, эрсдлийн үнэлгээ хийх хоёр шуурхай бүлэг буюу ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна.Эдгээр ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд үндэслэн дараагийн арга хэмжээг авч ажиллана. Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа ажлын хэсгийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран үнэгүй өвс, хөнгөлөлттэй тэжээлийг олгох асуудлыг газар дээр нь зохион байгуулж шийдвэрлэж ажиллах болно.
-Одоогоор өвөлжилт хүндэрлээ гэсэн мэдээ ирсэн болов уу?
-Одоогийн байдлаар аймгуудаас өвөлжилт хүндэрлээ гэсэн мэдээ ирээгүй байна. Цаг агаарын мэдээнээс үзэхэд нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна гэж дээр хэлсэн. Үүнээс 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьдчилсан мэдээ гараад байна. Орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгүүд тухайн аймагт өвөлжилт ямар байгаа талаар эрсдлийн үнэлгээг хийгээд ирэхээр, үнэлгээг нь үндэслээд дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Малын үүлдэр угсааг сайжруулах ажлын хүрээнд ямар ажил хийж байгаа бол. Сүүлийн үед бэлчээрийн даац хэтрэх болж. Тиймээс ч малын тоо толгой гэхээсээ илүү чанар, ашгийг илүүд үзэх болж?
-Малын үүлдэр угсааг сайжруулах ажлын хүрээнд нийтдээ барга, торгууд, үзэмчин үүлдрийн хонь, алтай үүлдрийн ямаа зэрэг 3-4 үүлдрийн нийт 620 гаруй өсвөр хээлтүүлэгчийг гадаад, дотоодоос худалдан авч, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагад шилжүүлэн өгч, малын үржлийн ажил үйлчилгээнд ашиглуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн Герман улсаас өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үхрийн гүн хөлдөөсөн 9000 тун үрийг импортоор авч, малын зохиомол хээлтүүлэгт ашиглаж байгаа. Эдгээр арга хэмжээ нь малын чанар, ашиг шимийг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа юм.
-Орон нутагт малын үүлдэр угсааг сайжруулах ажил мэргэжлийн болоод шинжлэх ухааны үндэстэй хийгдэж чадаж байгаа болов уу?
-Аймгуудад Хүнс, хөдөө аж ахуйн газар гэж мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Энэхүү Хүнс, хөдөө аж ахуйн газар нь дотроо Мал аж ахуйн хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэс гэсэн мэргэжлийн албадуудтай ажилладаг. Иймд орон нутагт малын үүлдэр угсааг сайжруулах, малын халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээнүүд нь мэргэжлийн байгууллагын удирдлагын дор шинжлэх ухааны үндэслэлтэй хийгддэг гэж ойлгож болно.Тухайлбал, тухайн орон нутгийн байгаль цаг уур, бэлчээрийн онцлогт тохирсон малын үржлийн ажлыг сайжруулах ажлын хүрээнд Дорнод аймагт махны чиглэлийн хонь буюу “барга” хонины удмын стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг бэлтгэж байгаа. Мөн Сүхбаатар аймагт “үзэмчин” хонины, Ховд аймагт “торгууд” хонь, “алтай” үүлдрийн ямааны үүлдрийг сайжруулахаар ажиллаж байх жишээтэй.
-Бэлчээрийн хувьд хамгийн чухал зүйл нь усжуулалт байдаг. Энэ жил улсын хэмжээнд хэчнээн худаг гаргав, мөн бэлчээр хамгаалах ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ?
-Улсын хэмжээнд улсын болон орон нутгийн төсөв, гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийт 700 гаруй худаг гаргалаа. Энэ хэмжээний худаг гаргасны үр дүнд 800 гаруй га бэлчээрийн талбайг усжуулах боломжийг нээж өгсөн. Мөн бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай 2015 онд байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг 15 аймагт зохион байгуулсны үр дүнд нийт 744.5 мянган га талбайгаар бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлсэн.
-Худаг гаргах ажил ямар журмаар хийгддэг юм бэ. Тухайн орон нутаг салбар яамандаа хүсэлт тавиад гаргуулдаг юм уу. Эсвэл…?
-Инженерийн хийцтэй худаг гаргахын тулд эхний ээлжинд усны гүний хайгуулын судалгааг хийдэг. Энэхүү судалгааг өмнө нь ч хийж байсан, одоо ч хийж байгаа. Хайгуулын судалгаа нь тухайн аймаг, сум, багийн нутаг бэлчээр дэх өргөрөг, уртрагийг заасан газарт хэдэн метр гүнд ус байгаа талаархи гэх мэтийн урьдчилсан тооцоо, мэдээллийг гаргадаг. Энэ судалгаанд үндэслэхээс гадна тухайн орон нутгийн малчдын худаг гаргах хэрэгцээ, шаардлагыг хамтад нь харгалзаж үздэг.
Ж.Отгон