УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2015.12.23/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох тухай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын сонгуульт хугацаа дууссан учир энэ өдрийн хуралдаанаар тус Байнгын хороог тэргүүлэх даргыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрийг дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулсан. УИХ дахь бусад намын бүлгүүд Байнгын хорооны даргад нэр дэвшүүлээгүй бөгөөд нэр дэвшигч Ц.Баярсайханаас асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.