2015 онд нийгэмд болсон онцлох 10 үйл явдал

Харьж буй 2015 он Монголчуудын хувьд олон содон үйл явдлаар дүүрэн байлаа. Тэр дундаа нийгмийн дунд шинэчлэл, шинэтгэл олон хийгдэхийн зэрэгцээ нийгмийг цочроосон харуусам, харамсам явдал ч давтагдав. Гэлээ гээд шинэ оныхоо босгон дээр нийт ардаараа хийсэн бүтээснээ дүгнэж, алдаа оноогоо ярилцан байдаг тул 2015 онд нийгэмд болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

1. Нийтийн тээврийн шинэчлэл нийгмийг үйлчилгээний соёлд сургав

\

Монголчуудын нийгмийн амьдралд орсон томоохон өөрчлөлт бол яах аргагүй нийтийн тээвэрт хийсэн шинэчлэл юм. НЗДТГ-аас санаачлан Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэлээр Нийслэлийн нийтийн тээврийн бүхий л автобуснуудад “Ухаалан удирдлагын систем” буюу цахим төлбөрийн картыг нэвтрүүлсэн. Энэ системийг нэвтрүүлэх тухай анх яригдаж эхлэхэд иргэдийн дунд үл итгэх байдал үүсэж, кондукторгүй үйлчилгээг нийтийн тээврийнхэн үзүүлж чадахгүй, зарим хүмүүс мөнгөө төлөхгүй, эмх замбараагаа алдана мэтээр ойлгож байсан. Гэхдээ энэ үйлчилгээ нэвтэрснээр харин ч Монголчууд нийтийн тээврийн соёлд суралцаж,амархан ээнэгшин дассан байна.

Үүнээс гадна нийслэлийн нийтийн тээвэрт анх удаа угсраа автобус, Монгол инженерүүдийн бүтээсэн эко автобус үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд  шинэ чиглэлүүд гарч, богино эргэлтээр явах болсон зэрэг олон шинэчлэлийг “Ухаалаг автобус” хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлснийг дурсахад таатай байна.

 2. Дэлхийн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг Монголд “нэвтрүүлэв”

\

Дэлхийн хамгийн алдартай уг шоуг Монгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа зохион байгуулсан нь хагас жилийн турш Монголчуудыг байлдан дагуулж чадлаа. Монголын үзэгчдийг найман настайгаас 80 настай ахмад буурлууд хүртэл шимтэн үзэж, цэнхэр дэлгэцийн сод бүтээл болов. Мөн тайз засал, техникийн талаасаа телевизүүдийн бусад шоу нэвтрүүлгүүдийг ардаа хол хаяж, гурван сая Монголчуудын сэтгэлд гал асаав.  35 хүүхдийн бүрэлдэхүүнтэнй “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан шагналын 100 саяыг өвөртөлсөн нь олон хүний сэтгэлийг баясгасан

3. Гурван жил дуншсан III төрөх эмнэлэг ашиглалтад орж, түмэн олон баярлав

\

Нийгмийн дунд тэр дундаа эхчүүдийн дунд хүлээлт үүсгэж байсан амаржих газруудын барилгаас III амаржих “Амгалан” эмнэлэг энэ 2015 онд ашиглалтад орж олон аав, ээжүүдийг баярлууллаа.  Анх 2012 онд л шаваа тавьж байсан эл эмнэлэг бүтэн гурван жилийн турш зогсонги байсны эцэст ийнхүү ашиглалтад орсон нь эрүүл мэндийн ачааллыг багагүй хөнгөллөө.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх буюу “Амгалан” амаржих газрын шинэ байр III хороонд байрлах бөгөөд есөн мянган ам.метр талбайтай нийт 412 өрөө, 150 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

4. Нийтийг хамарсан хууралт

\

Энэ жилийн нийтийг хамарсан томоохон сенсацийг Үндэсний үйлдвэрлэгч  “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг тарьсан билээ. Тэрбээр өнөөгийн татварын орчин, төрийн алба хаагчдын хүнд сурталтай тэмцэх үүднээс өөрийн брэндийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд үнэ төлбөргүйгээр тараана хэмээн амласан ч хэлсэндээ хүрээгүй билээ. Үүний улмаас өнгөрсөн намрын нэг өдөр Номин их дэлгүүрт эмх замбараагүй байдал үүсэж, үнэгүй бараа авах гэсэн хүмүүсийн хөлд дарагдсан юм. Энэ дүр зураг ч цахим ертөнцөөр тархаж, үнэгүй юманд оочерлон буй Монголчуудаа нэг хэсэг нь өрөвдөж байхад нөгөө хэсэг нь Г. Майцэцэг авхайг буруутган олон хүний сэтгэлээр тоглолоо хэмээн бухимдаж байсан. Гэхдээ дараа нь тэрбээр ХУД-ийн Татварын хэлтэс бүр Засгийн газартай учраа олсноор эл асуудал олны хэл амнаас дайжсан юм.

5. Хэл ам дагуулсан Даншиг наадам

\

1639 онд анхдугаар Богдоо залсан үеэс эхэлсэн даншиг наадмыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэсээр 1922 оноос бүр зогсоосон байдаг. Тэгвэл нийслэлийн удирдлага болон бурхан шашны сүм хийдүүдийн санаачлагаар энэ жилээс уг даншиг наадмыг дахин сэргээн наадмын дараа дахин дэнж хотойлгон наадсан.

Даншиг наадам зохион байгуулах өдрийг Монголын бурхан шашны тэргүүнүүд үзэж Билгийн тооллын зуны адаг сарын 24, 25-ны билэгт сайн өдөр ардын засгийн үеэс алдарсан Даншиг наадмыг сэргээн тэмдэглэсэн нь ийнхүү Улсын наадмын дараа болох боломжийг олгосон юм. Гэхдээ эл наадмыг хийх шаардлага байсан уу, хий дэмий улсын мөнгийг цэнгэл баярт зарцууллаа гэх шүүмж эл наадмыг тойроогүй юм шүү. Гэхдээ л баярт дуртай Монголчууд өргөн оролцож, уг Даншиг ч олонд хүрсэн.

6. Ноён уулын баялгийг ашиглахыг сэргүүцэгчдийн жагсаал олныг хамрав

\

Энэ жилийн олныг хамарсан хамгийн удаан үргэлжилсэн жагсаал суулт бол яах аргагүй Ноён уулын Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал байлаа. Босоо хөх монгол ТББ-ын санаачлагаар олныг хамарсан уг жагсаал болж чадсан. Манай улс эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг бол уул уурхай гэж хардаг болсноос хойш уул уурхайтай холбоотой аливаа асуудал анхаарлын төвд орсон. Өнөөдөр томоохон орд газруудын дийлэнх хувь нь гадныхны мэдэлд очсон тул уул уурхайнуудаас Монголчуудад унах ашиг байхгүй, алдагдал ихтэй байдаг болсон нь нууц биш. Үүнээс болоод Монголын эдийн засаг сөхрөхдөө тулсан нь туйлын үнэн.

Гэтэл  Сентерра гоулд компани Ноён уулын Гацууртын ордыг ашиглахын тулд бүхий л аргаа хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сентерра гоулд компанийн лицензтэй талбай, Гацууртын ордыг ашиглах олборлолт явуулах асуудал

“Урт” нэртэй хуулийн хязгаарлалтын бүсэд тус компанийн талбайн зарим хэсэг орсон байсныг уг хуулиас гаргаж, стратегийн ордод нэг л мэдэхэд оруулчихсан байсан. Харин одоо Төрийн хувь хэмжээг хэдээр тогтоох вэ гэдэг асуудал яригдаж буй.

7. Өөрийгөө шатааж, нийгмийг цочроосон явдал

\

Тэгвэл уул уурхайн салбарт нийгмийг цочролд оруулсан бас нэгэн явдал саяхан болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид хэвлэлийн бага хурал хийх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ бензин ашиглан өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэрбээр шатаж гэмтсэн чигтээ Чингисийн талбайгаар хөндлөн гулд алхаж, ЭТТ ХК-ийн байранд ирсэн. Түүний биеийн 40 хувь түлэгдэж, гал залгиснаас залгиур хоолой гэмтэж амь насанд аюултай гэсэн онош тавигдсан. Одоо тэрбээр БНСУ-д эмчлүүлж буй бөгөөд ЭТТ ХК ажилчдаа буцааж татсанаар түүний зорилго биелсэн юм. Тэрээр тус компанийн 200 гаруй ажилчнаа Хятадын компанид шилжүүлэхийн эсэргүүцсэндээ ийм аймшигт үйлдэл хийсэн юм. Гэхдээ үүний төлөөсөнд түүний болон тус компанийн ажилчдын хүсэл биелснээс гадна нийгэмд том цочроог өгсөн.

8. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авав

\

Энэ онд Монгол Улсын гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Нэг хэсэгтээ д дуулиан гол сэдэв байв. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэгдүгээр сарын 24-нд 08:27 цагт Монголын гурван сая дахь иргэн болж хорвоод мэндэлсэн бяцхан охины аавыг Энхтүвшингийн Хатанболд, ээжийг нь Ганбатын Аззаяа гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охинд Монголжин нэр хайрлаж, өдгөө Монголжин охин Даланзадгад сумандаа эрүүл саруул өсөн торниж байна.

9. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор болсон нь бухимдал үүсгэлээ

\

Ард түмэн ууртай байна. Учир нь тэд Төр засгийн хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг уг дуугүй эсэргүүцэж байгаа нь тэр.  Энэ долоо хоногийн турш автобус, гудамж, айл гэрийн гал тогоонд хүртэл энэ сэдэв хүчтэй өрнөж байна. Эдийн засгийн хямралтай үед цалингаа цагтаа авч чадахгүй байгаа иргэдийн сүүлчийн найдвар болж байсан хүүхдийн мөнгөнөөс хасах тухай таагүй шийдвэр гаргасанд тэд дургүйцэж байна. Үнэндээ энэ нь их мөнгө биш ч гэлээ хүнд хэцүү цагт хүүхдээ өглөө цайтай, автобусанд суух мөнгөтэй нь залгуулж байсан болохоор тэр. Мөн зарим айлд хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ганц гарц байсан.

Харин одоо ирэх онд төсөв хүрэлцэхгүй учраас гэдэг шалтгаар хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хасахаар болжээ. Ирэх оны төсөвт 18 хүртэлх насны хүүхдийн 60 хувьд нь энэ мөнгийг олгохоор тусгасан байна. Гэтэл жилдээ өчнөөн сая төгрөгийн орлоготой шүүгчид болоод төрийн албаныхан цалингаа хасуулахгүй гэж яаж чичирч байсныг Монголын ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Харин хүүхдийн эрх ашгийг хамгаалах вэ гэдэг анхаарлын төвд хэвээр байна.

10. Монголчуудыг уйлуулсан бяцхан охины үхэл

\

Өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдрийн 19.00 цагийн үед фэйсбүүкээр “дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдлаа” гэх мэдээлэл цацагдаж олныг цочирдуулж байсан. Уг үйл явдлыг талийгаач охины ээжийн найз болох, 84-р сургуулийн багш Э.Энхмандах олон нийтэд анх ил болгосон. Үүнээс хойш талийгаач охины эцэг, хойд эх болох Г.Маралмаа, Т.Цогт нарыг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн тус бүрт нь 22 жилийн хорих ял оноосон юм. Охины хойд эх болох Г.Маралмаа шүүх ажиллагааны үеэр өөрөө бие давхар байсан бөгөөд энэ аравдугаар сард амаржиж хүүтэй болсон юм. Энэ харамсам явдлыг Монголчууд бүх нийтээрээ дурсан нэгэн өдрийг түүний дурсгалыг хүндэтгэхэд зориулсан юм.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button