Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч ажлаа өгөхийг хүссэн ч УИХ хүлээн авсангүй

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг  чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн хүргүүлж байгаагаа хүсэлтдээ дурдсан байна. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн.

Харин чуулганы хуралдаанаар хэлэлцэх үер УИХ-ын зарим гишүүд түүний хүсэлтийг өөрийг нь байлцуулан хэлэлцэх горимын зарим саналыг гаргаж, асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргалаа.

Гэтэл Ж.Батзандан “Би Б.Жавхлантай гурван хууль дээр хамтарч ажилласан. Энэ хүн банкны салбарт 19 жил ажилласнаас 16 жилийг Монгол банканд зарцуулсан. Иймээс энэ хүнд дараагийн карьерт нь амжилт хүсээд өргөдлийг нь хүлээн авах нь зөв байх гэсэн санал гаргаж байна” гэлээ. Мөн Д.Оюунхорол гишүүн "Б.Жавхлангийн сонголтыг хүндэтгэж байна. Түүнийг чөлөөлөхийг дэмжих хэрэгтэй. Энэ бол хувь хүний сонголт. Ирэх жилийн сонгууль болох гэж байна. Хэнийг улс төрд сонгох вэ гэдгээ Монголчууд өөрсдөө шийднэ. Битгий барьц алдаач ээ. Энэ хүнийг чөлөөлөх хэрэгтэй” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад, чуулганд ирсэн УИХ-ын гишүүдийн 50 хувь буюу 27 нь татгалзсанаар албан тушаалд нь хэвээр үлдээлээ. 

Б.Жавхлангийн хувьд ирэх жилийн сонгуульд нэр дэвших зорилгоор ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button