Ил тодын хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ

Чуулганы  үдээс өмнөх хуралдаан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр түр завсарлалаа. Уг хуулийн хэрэгжих хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.

Гэтэл улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилго байсаар байна. Иймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай гэж үзэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болсон. Уг хуулийн өөрчлөлт 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр болгон өөрчлөхөөр, 2 дугаар зүйлд уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус тусгасан.

Ингээд хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхээр хуралдаанд оролцсон 58 гишүүнээс санал хураахад 49 гишүүн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг УИХ-ын чуулганы завсарлагаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар оруулж ирэх юм.

Үдээс хойших хуралдаан Гацууртын ордын асуудлаар 14.00 цагаас үргэлжилнэ.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button