З.Энхболд: Орон сууцны зээлийн хүүг бууруулж далайцыг нь нэмэх хэрэгтэй

УИХ-ын дарга З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан найман хувийн зээлийн хүүг бууруулж, далайцыг нэмэх талаар бичсэн нь цахим ертөнцийнхний анхаарлыг татлаа. Аргагүй шүү дээ. Өнөөдөр найман хувийн зээлээр байр авч чадлаа ч, хүүндээ дарлуулж, сард төлөх төлбөр хэт өндөр айл өрхүүд олон бий.
Тэрбээр “Инфляци 14 хувь байхад эдийн засагт нийлүүлсэн 4 их наядын 3-ыг нь иргэддээ орон сууц авахад нь дэмжлэг болгож зээл хэлбэрээр гаргаж болсон юм чинь инфляци одоо 3 хувь байхад харин ч хүүг нь бууруулж далайцыг нь нэмэх хэрэгтэй. Эрэлт хот, хөдөөд өндөр хэвээр байгаа” гэжээ.
Иргэдэд түүний үлдээсэн энэ үг хүлээлт авчирлаа. Өөрөөр хэлбэл, орон сууцны найман хувийн хүү дахиад багасах уу гэсэн хүлээлт бий болгов.
Хэдийгээр Засгийн газар 20 хувийн хүүтэй арилжааны банкны орон сууцны зээлийг бут цохин хүүг бууруулж, 8 хувь болгосон ч зээл төлөлт өнөөгийн энэ хямралтай үед яах аргагүй өндөр санагдаж буй.
Мөн зээлийн хүү 8 хувь болсон ч байр авч чадахгүй байгаа олон мянган гэр бүл бий билээ.
olloo.mn