Гацууртын ордын Төрийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 68.9 хувь дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн 85.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Тус орд нь 50 036,05 кг буюу 50 тонн алтны нөөцтэй. Хязгаарлагдмал тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц нь 25 тонн, нийт 75 тонн алтны нөөцтэй.
Тус орд дээрх хэмжээний харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй. Ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөхуйц, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай юм. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах аж. Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм. Иймд Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 472 дугаар зүйлийг үндэслэн тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага үүссэн аж.
Г.Уянга
olloo.mn