Г.Баасан: Би сонгуулиар бие даан нэр дэвшинэ

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байна. Монголын чөлөөт ахмадын холбооныхон шинэ оноо ямар ажил бүтээлээр угтаж байна. Мүүлийн үеийн сониноос хуваалцвал?
-Ахмадуудад зориулсан ажлаа үргэлжлүүлээд л явж байна. Ямартай ч ахмадын ажлыг шинэ шатанд гаргах, ахмадуудын дунд байгаа бэрхшээлүүдийг даван туулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ахмадуудын дундах намчирхал, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, аль болохоор эв нэгдэлтэй байлгах чиглэлийн ажлыг хийж байна. Ер нь сүүлийн үед ахмадууд мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр их анхаардаг болсон. Гэхдээ ахмадуудын дөнгөж 21 хувь нь компьютер, гар утастай харьцах мэдлэгтэй, 80-аад хувьд нь тааруу байгаа учраас энэ талын мэдлэгийг сайжруулах, насан туршийн боловсрол олгох гэсэн программын дагуу ажлуудаа төлөвлөөд хийж байна даа. Хүн мэдээллээр байнга хангагдаж байх ёстой. Тэгэхээр бид ахмадууддаа үргэлж мэдээллээр хангаж байгаа.
-Таныг улс төр сонирхдогийг хүн бүхэн мэднэ. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг батлуулах асуудал маргаантай байгаа. Тэр дундаа Сонгуулийн хуулийг батлахад эрх баригч болоод сөрөг хүчнийхэн нэгдсэн байр суурьт хүрэх гэж багагүй хугацааг үдлээ. Ер нь таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хууль гэдэг бол Монгол Улсын ард иргэд, сонгогчдын сонгох эрхийг бүрэн хангасан хууль байх ёстой. Тэгэхээр энэ хуулийг парламентад суудалтай намууд хоорондоо тохиролцож батлах нь буруу. Бүх намууд дуу хоолойгоо өргөх ёстой.
-Уг хуулийг хэрхэн яаж өөрчилбөл зохих юм бол оо?
-Сонгогчдын оролцоотой, тэдний саналыг нэгтгэж аваад өөрчлөх ёстой гэж бодож байна. Одоо өөрчлөх гээд яриад байгааг харахад Засгийн эрхэнд гарахын тулд яаж ашигтай байх вэ гэдэг дээр анхаарч байна. Харин саналын хар машины тухайд яах аргагүй МАН буюу одоогийн сөрөг хүчнийхэн өөрсдөө баталсан. Тухайн үед миний бие яг энэ хар машины асуудлаар хэвлэлийн бага хурал хүртэл хийж тэмцэж байсан. Тэгэхэд тэр үед өнөөдрийн сөрөг хүчин хар машиныг хамгийн сайн, баталгаатай, хүний саналыг хулгай хийхгүй хэмээж байсан. Гэтэл өнөөдөр тэр байр сууринаасаа ухраад хар машин муу байна, өөрчил гэх юм. Үнэндээ энийг ойлгохгүй байгаа. Хар машиныг ашигласны нэг гавьяа гэвэл 2000-3000-аас дээш саналыг тоолох боломжийг олгож өгсөн. 2012 онд гар тооллогын баталгааг хийж л байсан шүү дээ. Тэр үед би дотор нь ажиглагчаар ажиллаж байсан. Гар тооллого, автомат машины тооллого яг таарч байсан. Тэгэхээр сөрөг хүчин өөрсдөө ашигтайгаар асуудалд ханддагаа болимоор байгаа юм. Улс орон болоод ард иргэдийн хувь заяа, улсын хөгжил дэвшил, хил хязгаар дунд нийгмийн амьдрал явагдаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар намууд ойлгож сурах хэрэгтэй.
-Тэгэхээр юуны түрүүнд намууд өөрсдийн эрх ашгаа бодож байна гэсэн үг үү, таны бодлоор?
-Тэгэлгүй яах вэ. Намуудыг харж байхад төрийн эрхэнд яаж гарах вэ, яаж бие биенээ муу хэлэх вэ гэдэг дээр л ажиллаж байгаа болохоос улс орныг яаж хөгжүүлэх үү, алдаа дутагдлаа хэрхэн нийлж засах уу гэдэг дээр ерөөсөө ажиллахгүй байгаа. Энэ бол маш харамсалтай байгаа юм. Энэ бүхнээс харахад ард иргэдээ хэргээр ядуу байлгаж, албаар буруу мэдээллээр иргэдийнхээ толгойг угааж, хов, цуу ярианд дуртай болгож байна гэж дүгнэж болно. Ард түмэн хов идэж цадаж байна. Ер нь бодит бус зүйлд ард иргэдээ хөтөлж байна. Хариуцлага байхгүй болжээ. Тэгэхээр ард түмэн минь 2016 оны сонгуулиар худлаа амалж байгаа амлалт, хэрэггүй баахан гурил будаа тарааж байгаа зэргээс салангид байж 25 жилийн хугацаанд бидний амьдрал ямар байгаа гэдгээ дүгнэх хэрэгтэй. Энэ 25 жилийн 18 жилийн хугацаанд МАН буюу МАХН засаг барьсан.
Долоон жилийн хугацаанд АН засаг барьсан. Тэгэхээр нийгэм яагаад ийм аюултай болов гэдгийг нухацтай, углуурга, үндсээр нь харж дүгнэх хэрэгтэй. Ялангуяа залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд ирэх сонгуульд тун ухаалгаар хандаж оролцох ёстой.
-Таны хувьд Сонгуулийн хуулийг өөрчлөөд байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу даа?
-Хар машинд нэг нь итгээд нөгөө нь итгэхгүй гээд “байлдаад” байгаа юм бол сонгуулийн саналыг проектороор ил гаргаад тоолчих хэрэгтэй. Ядах юу байхав дээ. Үнэхээр ард иргэдийн саналыг үнэнээр тоолъё гэвэл олон арга бий. Заавал тэр хар машинтай ноцолдох ямар хэрэг байна. Тэрнээсээ татгалзчих л даа. Хар машиныг МАН авч байсан нь үнэн. Өөрсдөө гараагүй болохоор шатаагаад, болъё гээд байх юм. Гар тооллогын үеэр юу болдгийг өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ. Тог унтраадаг, санаатайгаар будилуулдаг гэх зэргээр маш их юм хийдэг. Сонгуулийг луйварддаг өчнөөн арга байна. Тиймээс би энэ талын саналыг олон удаа гаргаж тавьж байсан. Проектор ашиглаад ханан дээр бүх саналыг ил гаргавал ямар нэгэн хэрүүл маргаан үүсэхгүй юм биш үү. Шударга ч болно. Ажиглагч нар нь хол сууж байсан ч харагдана. Тэгэхээр хар машинаа болиод проектор ашиглаад сонгуулиа явуулчихвал шударга биз. Энэ чинь ард түмний хувь заяа биз дээ.
-Улс төрийн намын тухай хуулиар юу хэлэх вэ?
-Би намуудын хуулийг шинэчлэхийг 150 хувь дэмжиж байна. Бас намуудын хөрөнгийн асуудал байгаа. Шулуухан хэлэхэд, Монголд байгаа бүх намыг тарааж, нойллох ёстой. Тэгээд гишүүнчлэлгүй, цоо шинэ нам байгуулагдах хэрэгтэй. Тэр шинэ нам төрийн эрхийн төлөө явж болохгүй. Харин улсыг хөгжүүлэх, бодлого хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Тэгээд сонгуулиар тэр намын бодлого бидний санаанд илүү их нийцэж байна гээд бодлогыг нь сонгодог байх хэрэгтэй. Тэгж байж улс орны хувь заяа бодлоготой болно. Гэтэл өнөөдөр Монгол Улсад бодлого алга. Би өнөөдөр 50 нас хүрсэн, миний том хүү 30 гарчихсан. Ач зээ маань таван настай боллоо. Гэтэл өнөөдөр тэдний ирээдүй ийм байна, улсын маань хөгжил тийм байх нь гэсэн итгэл үнэмшил алга. Хүн чинь ер нь ирээдүйнхээ төлөө амьдардаг. Гэтэл ирээдүйнбодлого алга. Харин мөнгө идэх бодлого байгаад байна.
-Та ирэх жилийн сонгуулиар нэр дэвших үү?
-Би Баянзүрх дүүргээс бие дааж, нэр дэвшинэ. Түүнээс бус ямар нэгэн намаас дэвшихгүй. Надад нам дагах ямар ч сэтгэл зүрх байхгүй. Олон түмэн, айл бүхэн, ахмадууд, залуусын дунд ингэвэл Монгол орон сайхан болох нь гэсэн яриа байдаг. Тэр бүхнийг нь хүнээсээ сонсож суръя. Хүнийхээ бодол санааг сонсож, тэдэнд хэрэгтэй ажил мэргэжлийг нь бий болгоно.
-Нэр дэвших гэж байгаа хүний хувьд саналын хар машинд итгэж байгаа юу?
-Хар машинд итгэхгүй, итгэж байгаа хоёрын дунд хайнааг нь хагалаад проектороор санал хураачих хэрэгтэй л дээ.
olloo.mn