Ц.Цолмон сайд аа, хэлж, ярьсаар байхад хүний амь эрсдчихлээ

Өнгөрсөн хоёрдугаар сард манай сонин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан нэгэн ноцтой асуудлын талаар нийтэлж байсан.
Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүүгийн тухай байсан нийтлэлийн гол зорилго нь 2008 онд ОХУ-аас бэлгэнд ирж байсан “Ми-24”, “Ми-8” онгоцуудын засвар хоорондын баталгаат хугацаа дуусч нислэг зогссон. Гэтэл хурандаа Б.Дашаахүү эдгээр онгоцуудыг нисгэх гэж хэрдээ нэлээн чармайж, доод албан тушаалын хүмүүстээ “Ми-24”, “Ми-8” онгоцуудыг нисгэ гэсэн шаардлага тавиад байна гэсэн утга бүхий нийтлэлийг БХЯ-ны сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийн сонорт хүргэж байсан юм.
Гэтэл энэ асуудлыг тухайн үед эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын үл тоон албан тушаалын төлөө үхэлдэн тэмцсэнээс болж өнөөдөр олон хүн гэмтэж, нэг хүн цаг бусаар явчихлаа.
Тодруулбал, уржигдар орой Налайх дүүргийн орчимд ЗХЖШ-ын 337 дугаар ангийн сургалтын нислэг үйлдэж байсан “Ми-8” нисдэг тэрэг ослын буулт хийж байгаад осолдсон. Тэгвэл энэ талаар өчигдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нэр мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн тө госпиталд өнгөрсөн /уржигдар/ шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрвийнх нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавиирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тэдний өгч буй мэдээллээр бол төлөвлөгөөт сургалтыг cap бүр өдөр, шөнө хийдэг гэнэ. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан бөгөөд цэргийн алба хаагчид байсан гэх мэдээллийг олон нийтэд өгчихлөө. Тэгвэл амиа алдсан 37 настай эрэгтэй Б нь порт механик ажилтай нэгэн байсан аж.
Харин тус жанжин штабт ажилладаг учир мэдэх хүмүүсийн яриагаар бол “Туршлага дутсан. Үнэхээр харамсалтай байна. Хэрвээ удирдлагууд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
гарч байсан нисдэг тэрэгтэй холбоотой асуудлыг тухайн үед сайн нягталсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. Өнөөдөр /өчигдөр/ жанжин штабын удирдлагууд тун хариуцлагагүй мэдээлэл хийж байна. Яг үнэндээ осол гарах болсон шалтгаан гэвэл туршлага, дадлага дутсанаас болж осол гарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, дадлага, туршлага дутснаас болж цасны хялмаан дээр буух гээд чадахгүйгээс болж энэ осол гарсан. Хамгийн гол нь сая осолдсон “Ми-8” онгоц баталгаат хугацаа нь дууссан байсан онгоц шүү дээ” гэсэн юм.
Ямартай ч энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр нэг хүн хорвоог орхиж хоёр хүний биеийн байдал одоогоор маш хүнд байгаа. Хэдийгээр үлдсэн хүмүүсийнх нь биеийн байдал гайгүй гэж байгаа ч цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй.
Тиймээс сая болсон ослоос улбаалж БХ-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авах нь зүйн хэрэг. Хатуу үнэн гэвэл тус газрын мөнгөлөг хурандаа болон генералууд хуучин нисгэгч нараа дадлагажуулах сургалтад хамруулаагүй мөртлөө онгоц гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхдүүдийг 45 хоногийн хугацаанд нисгэгч болгох гэж улайрч байсан.
Тиймээс зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж таныг дээр өгүүлсэн нийтлэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Эцэст нь хэлэхэд ярьсаар байхад л хүний амь нас эрсдчих юм даа.