Улаанбуулайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган 09.00 цагаас эхлэх ёстой ч ирц бүрдэхгүй байсаар 10.37 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулаад өчигдрийн хэлэлцэж байсан асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг хэллээ.
Тэгэхээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ургац, улаанбуудайтай холбоотой Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж байна.
Энэ оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Төсвийн байнгын хороо чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ийнхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Olloo.mn