Бүсчлэлээс “Бүдүүн” фракцууд төрнө

Намууд Сонгуулийн хуулиар зөвшилцөж байна. Хар машинаа эргүүлж тойруулж баахан яриад, одоо намын квотоо хэрхэхээ ид ярьж байна. Тэдний зөвшилцөж буйгаар намын квотын 28 суудлыг улс даяар авсан саналд биш аймаг дүүргээр бүсчилж “сонгуулахаар” шийдэж байх шиг байна. Ингэвэл сонгогчид 28 биш тав юмуу, найман хүнд саналаа өгнө. Бас гишүүд нь тойрогтоо ажиллахад хялбар болно. Нөгөө талаар сонгогдсон гишүүдийн уялдаа, холбоо, харилцан ойлголфцол сайжрах сайн талтай гэцгээж байна.
Нэг үг байдаг. Юуных нь хэмжээнд тааруулж харилцана гэж. Улстөрчид өнөөг хүртэл сонгогчдыг тэнэг гэдэгт итгэсээр байдаг нь энэхүү Сонгуулийн хууль тойрсон маргаанаас тод харагдаж байгаа юм. МАН гэхэд л хар машин тойрсон асуудлаар олон нийтийн таашаалыг төрүүлэх PR хийж байсан атал ханцуйн дотроо АН-тай аль хэдийнэ наймаалцчихсан байгааг улс төрийн хүрээнийхэн яриад эхэллээ. Энэ мэтчилэн улс төрийн утгаа алдсан тэмцэл, тохироо эцэстээ Монголыг юунд хүргэх гээд байна вэ гэдэг асуултыг хүртэл олон нийтийн дунд тавиад байна.
Дээр хэлсэн бүсчилсэн хэлбэрээр 28 тойргийг хуваах нь ямар үр дүнд хүрэх вэ гэдэг тов тодорхой. Манай зарим намд фракц гэдэг бараг албан ёсны нэгж бий. Тэрхүү фракцууд тухайн намын бүх үйл ажиллагааг зангиддаг. Элдэв томилгоо, эрх мэдлийн хуваарилалтад фракцууд коммунист маягаар тэгш эрхтэйгээр оролцоно. Энэ нь ихэнхдээ төрийн ажлыг гацаасан, бохирдуулсан үйлдэл болдгийг өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан. Тэгвэл бүсчилсэн хэлбэрээр тойргийг хувааж, гишүүдээ харилцан уялдаатай ажиллуулна гэдэг нь өнөөдөр далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг нам дамнасан бүлэглэл, фракцыг албан ёсны болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн дараагаас нам дамнасан “бүдүүн” бүлэглэлүүд хэд хэдээрээ төрөх нь ээ. АН-ын одоогийн дарга албаа авсныхаа дараахан “Манай нам фракцгүй боллоо” гэж мэдэгдэж байсан. Нам нь фракцгүй болж амжаагүй байтал нам дамнасан бүдүүн бүдүүн фракцууд ингээд төрж таарах нь. АН-д байдаг Алтангадас, МҮДН, Шонхор, Нэг ардчилал, МАН-д байдаг Хотын, Зүүний хүчний, С.Баярын фракцууд нийлж нэгдээд эхэлбэл хэний эрх ашгийн төлөө хэрхэн ажиллах бол?
Б.Дамдин