Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ,, С.Санасэр нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн/ асуудлыг хэлэлцэв.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний зөвлөлийн гишүүд нэр дэвшүүлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар тус тус танилцуулжээ.
Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Оюун, Ц.Нямдорж нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчдийг батлах санал хураалт явуулахад Б.Галаарид 89.4 хувь, Ж.Соёл-Эрдэнэ 81.5, С.Санасэр 87.5 хувийн саналаар тус тус дэмжигджээ. Мөн МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүнээс Д.Ганбат, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарыг тус тус чөлөөлөв.
olloо.mn