Маргааш бүх нийтээр амарна

Энэ сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ой тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээр амарна. Өнгөрөгч 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр бүх нийтээр амардаг болсон юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа арванхоёрдугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв.
Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх барилдах юм.