2015 оны Улс төрийн онцлох үйл явдлыг нэрлэж байна

Улиран одож буй 2015 он Улс төрийнхний хувьд халуухан жил байлаа. Ирэх жилийн сонгуулиа угтсан, хийсэн бүтээсэн алдаа оноогоо дүгнэж цэгнэсэн жил байв. Олон чухал хуулийг батлав. Мөн Монгол орны эдийн засгийн байдал хүндэрч, Засгийн газрын байр суурь ч тогтвор муутай жил болсон. Ингээд Монголын улс төрийн онцлох үйл явдлыг нэрлэж байна.
1.Энэ онд баталж, хэрэгжүүлсэн долоон чухал хууль
2015 онд Монгол Улсын хууль эрхзүйн орчин хууль эрхзүйн тэр чигээрээ шинэчлэгдсэн гэхэд болно. Тухайлбал,
-Эрүүгийн хууль энэ жил батлагдаж, Зөрчлийн хуультай хамт ирэх оны есдүгээр сараас хэрэгжихээр болов. Энэ удаагийн Эрүүгийн хуулийг өмнөх хуультай харьцуулахад энэрэнгүй шинжтэй болсон гэдгийг хуульчид хэлж буй.
-Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлээд буй. Ингэснээр замын хөдөлгөөний зөрчлийг нарийн тусгаж, жолооч нараас гадна хувь хүнрүү чиглэсэн заалтуудыг тодорхой тусгаж өгсөн.
-Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдахаасаа эхлээд ихээхэн шуугиан дэгдээж байсан. Гэхдээ уг хууль хэрэгжиж эхэлснээр 3000 гаруй хоригдол төрийн өршөөлийг хүртсэн юм.
-Үүнээс гадна Эдийн засгийн өршөөлийн тухай хууль буюу Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдан хэрэгжиж буй. Эл хуулийн хугацаа энэ сарын 31-ээр дуусгавар болох ёстой ч хугацааг ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаад баыгаа юм. Одоогийн байдлаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн байна.
-Ирэх жил Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгууль болно. Иймээс хуулийн хугацаандаа багтаж, энэ жил Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Уг хууль батлагдсанаар тойргийн хуваарилалт, сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн, саналыг гар аргаар тоолж баталгаажуулж, санал тоолох ажиллагааг техник, хэрэгсэл ашиглаж ил тод нээлттэй болгох, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой гомдол маргааныг түргэн хугацаанд шийдвэрлэх тухай, шүүхийн харьяаллын тухай, сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх болон бусад асуудлыг хөндөж, энэ бүхнийг засаж залруулав.
-Нийслэл хот өөрийн гэсэн татвар буюу удаа Нийслэл хотын албан татварын тухай хуультай болов. Иргэд уг хуулийг хэрэгжиж эхлэхэд ихээхэн дургүйцэж байсан. Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан юм.
-2015 нэгдүгээр сарын 1-ээс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн нь бас шинэлэг зүйл болсон. Төрийн байгууллагуудын данс тооцоог иргэд нээлттэйгээр үзэж, хянах боломжтой болсон. Ингэснээр яам, агентлагуудын дарга нарын тансаглал буурсан гэхэд болно.
2. МАН-ынхан засгаас хөөгдөж, Засаг тогтворгүй болохоо харуулав
Засгийн эрхэнд АН-ынхан гарсан 2012 оноос хойш олон үйл явдал өрнөв. АН олон суудал авч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засаг барьж байсан. Гэвч эрх баригч АН-ыхан дотроо хуваагдсанаар Шийдлийн Засгийн газар гарч ирэн Тэргүүнээр нь Ч.Сайханбилэг ажиллав. Тэрбээр Засаг барих хугацаандаа буюу өнгөрөгч оны сүүлээр МАН-ыг Засгийн газартаа урьж оруулсан ч тун удалгүй хөөлөө.
МАН засагт орсон хугацаанд тус намаас Шадар сайдаар У.Хүрэлсүх, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол нар ажилласан ч энэ ондоо батгаж буюу наймхан сар болоод “муу ажилласан” гэдэг шалтгаанаар Засгийн газраас хөөгдсөн. Гэвч МАН-ынхан засгаас гарсан ч “сөрөг хүчин ямар байх ёстойг харуулахаа амлаж, түүндээ ч хүрч буй. Ийнхүү засгийн газрын байдал тогтворгүй болохоо дахин нэг удаа баталсан.
3. Төрийн өндөрлөгөөс АТГ-аар дамжин мөрдөнд суусан гурав
Төрд ажилласан мундагууд АТГ-ын хараанд өртөж, асуудал үүсэв.
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эхнэрийхээ компанид хууль бусаар тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж шалгасан юм. Тэрбээр цагдан хорих төвд хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, амь насаа алдах дээрээ тулсан билээ.
-Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг баривчлав. Шүүх хурал нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр улсад учруулсан хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр баталсан юм. Энэ асуудал одоо ч шуугиан тарьсан хэвээр байна.
-Үүнээс гадна Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай Солонгосын “Самсунг С&Т” компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь хууль бус үйлдэл хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг саатуулсан билээ. Түүнийг бусдаас хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэдэг.
4. Хуучраагүй хэргийн мөрөөр 17 жилийн дараа оров
Энэ оны сүүлээр шуугиан тарьсан сэдэв бол яах аргагүй С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчилсан явдал байв. Үүнийг цагдаагийн байгууллагаас баталж байгаа ч одоог хүртэл юуны учир баривчлав гэдгээ нууцалсаар буй. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан баривчилсан бөгөөд өөр хоёр ч хүнийг сэжиглэн шалгаж байгаа билээ. Энэ бол С.Зориг агсны амита алдсанаас хойш 17 жилийн дараа шуугиан тарьж буй том хэрэг юм.
5. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд бүтээгүй
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг боловсруулж, УИХ-д өргөн барив. Эл хуулийг 2015 онд өргөн барьсан, гэтэл дараа жил сонгууль болно гээд энэ хуулийг тойрсон маргаан, хэлэлцүүлэг нэг хэсэгтээ үргэлжлэв.
Гэвч эцэг хуульдаа гар хүрэхийн өмнө ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж үзсэн. Үүний тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд УИХ арваннэгдүгээр сарын дундуур уг хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.
Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөд мөн 1992 оноос хойших хүн амын өсөлтийг харгалзан УИХ-ын иргэдийг төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүүдийн тоог нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох тухай заалт оруулсан нь маргааны эх үүсвэр болов. Олон нийтийн эгдүүцэл, хэлэлцэх цаг хугацаан, иргэдээс санал авах гээд энэ ондоо багтаж өөрчлөлт оруулж амжихгүй нь гэдэг нь нэгэнт тодорхой болов.
6. Төрд эргэн ирснээ зарлав
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байсан. Тэгвэл 2015 он гарсаар үе үе ирэх болсон. Тэгвэл тэрээр Өршөөлийн хууль гарснаас хойш Монголд ирж, улс төрийн ажлаа эхлүүлсэн юм. Ингэхдээ орон нутгуудаар явж, иргэд сонгогчид, намын дэмжигчидтэйгээ уулзах болов. Ийнхүү тэрбээр өмнө нь намын ажлаа алсын зайнаас удирдаж байсан бол одоо дунд нь орж, сонгуулийн сүүлийн жилд намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж эхэлсэн юм. Хамгийн сүүлд гэхэд түүний нэр Шадар сайдад яригдаж байгаад таг чиг болов. Н.Энхбаяр энэ албан тушаалд томилогдохын олон шалгуур давах хэрэгтэй бөгөөд давж чадах, эсэх нь эргэлзээтэй байна.
Olloo.mn