МСҮТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2009 онд шинэчлэн найруулж, 2012 онд бүтэц, зохион байгуулалтын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулсан ч дахин өөрчлөх шаардлагатай гэж салбарын яамнаас нь үзжээ.
Тодруулбал, мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх. Иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ёстой гэж үзсэн байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлдаг тул сургалтын орчинг үйлдвэрлэл-үйлчилгээний орчинд ойртуулах. Үйлдвэрлэлийн бааз дээр үргэлжлүүлэх шаардлага тавигдаж байгаагаас ажил олгогч нартай хамтран нийгмийн түншлэлийн хүрээнд идэвхтэй ажиллах, бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг дадлага хийсэн газраа үргэлжлүүлэн ажиллуулах боломж нээгдсэнээр төгсөгчдийн 70-аас дээш хувь ажилд зуучлагдаж байна. Иймд нийгмийн түншлэлийг бүх түвшинд идэвхтэй дэмжих хэрэгцээ шаардлагыг үндэслэн холбогдох зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тусгажээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанаар мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлж байгаа Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлийн эрх үүрэг, ажиллах боломжийг өргөжүүлж, ингэснээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд ажил олгогч, түншүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.
Мөн их, дээд сургууль төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмших, хөрвөж суралцах бололцоог нээж байгаагийн зэрэгцээ мэргэжлийн боловсрол олгох сургууль төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах асуудлыг хуульчилж байгаагаараа онцлогтой аж.