Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх тухай

 

Монгол Улсын Их Хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр соёрхон батлагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн дагуу албан татвар төлөгч (хувь хүн)-д худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгох болон сугалааны тохиролтой төлбөрийн баримт олгоно.

 

Худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар “тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан төлбөрийн баримтыг бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр татварын нэгдсэн системд холбогдсон төхөөрөмж (хэрэглэгчийн систем)-өөс гарган худалдан авагчид олгох, хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан татварын нэгдсэн системд илгээх” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Иймд худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь Та татварын хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж татварын нэгдсэн системд холбогдон баталгаажсан төлбөрийн баримтыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэвлэж олгоно уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг татварын албаны төлбөрийн баримтын https://ebarimt.mn цахим хуудас болон 1800-1288;  +976-11-315438 утсаар авна уу. Мөн асуулт байвал бидэнд [email protected] цахим шуудангаар хандана уу. 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button