Нурангид дарагдсан гурван иргэний амийг аврав

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Сүмбэр худаг” ХХК-ийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-ийн бичил уурхайд дөрвөн иргэн нурангид дарагдсан тухай дуудлагаар 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 03 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн бүлэг эрэн, хайх ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Газрын гүнээс 60 метрийн гүнд нуралт үүсч 4 иргэн дарагдсан байснаас 1 иргэний байрлал тодорхойгүй байсан. Эрэн, хайх ажлын явцад хүчилтөрөгч 19 хувь, бусад хий хэвийн, уулын малталт давчуу,  ажлын мөргөцөг заалалж нурсан, дахин нуралт үүсэх аюултай байсан байна.

Аврагчид аврах ажиллагааны явцад 24 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажилласан. Аврах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд нуралтад хөл нь дарагдсан байсан иргэн 26 настай, эрэгтэй Б -г 01:15 цагт, бүсэлхийнээс доод хэсэг нь дарагдсан байсан иргэн 37 настай, эрэгтэй Н-г  02:35 цагт, битүү дарагдсан байсан иргэн 23 настай, эрэгтэй М -г 06:34 цагт уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин иргэн 22 настай, эрэгтэй Б -н цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Уул уурхайн аврах ангийн 34 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Уг осол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарчээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button