Нэр дэвшигчид ба гуравдугаар ээлжийнхэн

Сонгуулийн тухай хуулийн дагуу өнгөрөгч оны сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа нь харагдсан. Өөрийн хүсэлтээр гэдэг нь тун ч өвөрмөц хийгээд сонирхолтой шийдвэр мэт санагдах. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь албан тушаалаа ахиулж, УИХ-д сонгогдчих санаагаа илэрхийлж, намуудын доторх тохирооны дагуу л хийгдэж буй ажлууд.

 

Жишээлбэл, Засгийн газрын хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн А.Ариунболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

Мөн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч  Б.Жавхлан,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль ч ажлаасаа чөлөөлөгдөөд байна.

 

Мэдээж дээрх нэр бүхий эрхмүүд ажлаа хүлээлгэж өгсний дараа тэдний орыг залгах, албан тушаалыг нь үргэлжлүүлэн хаших хэн нэгэн зайлшгүй хэрэгтэй болно. Тэр нь өнөөгийн засаг, төрийн солигдмол байдлаас харвал үндсэндээ гуравдугаар ээлжийнхэн бололтой. Өөрөөр хэлбэл, нөхөөс гарсан төрийн өндөр албан тушаалуудад гуравдугаар ээлжийнхэн хүссэн, хүсээгүй томилогдож, “хоолондоо” орно гэсэн үг. Мэдээж тэд мөн л "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн их л удаж ирэх УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын гишүүд

солигдсоны дараа дахиад л солигдоно. Үндсэндээ цаад тал нь долоон cap наад тал гурван cap орчим болно гэсэн үг.

 

Өөрөөр хэлбэл улстөрийн нам, хүчнүүдийн балгаар Монгол төрийн уламжлал, төрийн ажил, алба гэдэг зүйл нь үгүй болох шинжтэй. Нэгнийхээ эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн дуусгах гэхээсээ илүү өөрчилж, зарим нь бүр устгачихгүй хийгээд өөрөө шинийг санаачилж байна гэх нэр зүүхийн тулд л уралдаж байгаа мэт харагдах.

 

Өнөөдөр ирэх сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн зарим хүнийг харахад тун ч ойлгомжтой. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат л гэхэд дөрвөн жилийн хугацаанд хоёр ч удаа энэхүү албандаа заларсан. Д.Ариунсан мөн л Тагнуулын ерөнхий газраас мултарч Татварын ерөнхий газарт шигдсэн. Р.Эрдэнэбүрэн Барилга хот байгуулалтын яамнаас Хөдөлмөрийн яам руу жирийсэн гээд тоочоод байвал дандаа л намынхаа албан тушаалын бялуунаас хүртэгсэд.

 

Уг нь улсын аюулгүй байдлыг хангадаг тулгуур дөрвөн асуудлын нэг нь төрийн залгамж чанар хэмээн улстөрийн зарим онолд өгүүлдэг. Харамсалтай нь манай улсад бол энэхүү залгамж чанар гэдэг нь өөрийнхөө хийсэн ажлыг дөвийлгөх хэрвээ буруутвал өмнөх дарга нартаа нялзаадаг байдлыг л хэлээд байдаг болчихоод байгаа. Үнэн хэрэгтээ энэхүү төрийн залгамж чанар гээч нь юу болохоо сайн мэдэх хүн ч ховор.

 

Яагаад гэвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн мэдээллээр Монгол Улс 2011 онд 148.781 төрийн албан хаагчтай байсан бол 2014 онд 183601 болж, сүүлийн гурван жилд 30 орчим мянган албан хаагчаар төрийн алба нэмэгдсэн гэдгийг мэдээлж байсан.

Түүнчлэн Төрийн албан хаагчдын холбооныхон 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол 2012 онд энэ тоо 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянга болж эрс нэмэгдсэн гэдгийг ч хэлж байсан. Мөн 2012-2014 онд 18 мянган албан хаагч "өөрийн хүсэлтээр”, 16 мянган албан хаагч "өөр ажилд шилжсэн" гэх шалтгаанаар төрийн албанаас гарсан гэдэг.

 

Гэтэл эсрэгээрээ 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчийн нийт тоо өсчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 45 мянган төрийн албан хаагчийг "бужигнуулсан” байна. Уг нь төрийн албаны энэхүү тогтворгүй байдлын тухай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх" тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна хэмээн заасан байдаг.

Гэвч түүнийг тоох байтугай, тийм зүйл байдаг эсэхийг ч мартчихсан, албан тушаалын бялуугаа мэрсээр л байна. Үнэхээр л төрийн төлөө зүтгэх гэж байгаа бол нөгөө алдартай “хоёргүй сэтгэлээр төрд зүтгэх” гэдэг үгэндээ багтаж, төрийн албыг ядаж залгамж чанарыг нь үгүй хийлгүйгээр үргэлжүүлээд явбал ард нийтэд ч хэрэгтэй баймаарсан.

 

Тэгэхгүй бол сонгууль явагдах, Засгийн газар солигдох бүрт төрийн албаныхан солигдож, тоо томшгүй олон даргын тушаалаар иргэдийн хүсэлт, шийдвэр, хөөцөлдөж буй ажил хэргүүд ч зогсоход хүрдгийг анхаарах хэрэгтэй баймаарсан. Тун удахгүй ар араасаа томилогдож, албаа хүлээж авах гуравдугаар ээлжийнхэндээ ядаж халаа, сэлгээ хийлгүй, хурдан шуурхай ажиллахыг сануулахгүй бол дахиад л нэг шинэ “санаа” эхлүүлж, дэвшүүлчихээд баахан шалтаг тоочих вий дээ.

 

Өглөөний сонин

Б.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button