Гацууртын ордын асуудлыг дөрөв дэх оролдлогоороо батлах нь тодорхой болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт харъяалагдах Ноён уул, Гацууртын ордыг ашиглах нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-аар гурван удаа хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй эл асуудлыг дөрөв дэх удаагаа Засгийн газраас УИХ-д зүтгүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ энэ оны хамгийн эхний чуулганы нэгдсэн хуралдаанаараа Гацууртын ордын Төрийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэхээр оруулж иржээ. Өмнө нь олон шалтгаанаар буцаж байсан эл асуудал энэ удаа байнгын хороогоор ч дэмжлэг авч, УИХ-ын хуралдаанаар эхний хэлэлцүүлгийг нь энэ долоо хоногтоо багтаан хийх гэж байна.
Тэгвэл энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн Ноён уул, Гацууртын ордыг Сентерра гоулд компанид эзэмшүүлэхийг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн жагсаал улам бүр өрнөсөөр байна. Гэхдээ төр засаг уг ордыг ашиглах шийдвэрээсээ буцахгүй гэдэг нь одо ТББ-ын үйл ажиллагаа явуургүй болоод байна.
Өөрөөр хэлбэл, тус ордод төрийн хувь хэмжээг тогтоочихвол уг асуудал цаашаа шуударч, дараа дараагийн алхмууд хийгдэнэ гэсэн үг. Тэгэхээр уг асуудлыг энэ намрын чуулган буюу ирэх УИХ-ын сонгуулиас урьтаж батлах нь.
Тэгвэл Гацууртын ордыгг ашиглах гэрээг өмнөх Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудыг ашиглах асуудалд тун хойрго хандсан шигээ Монголд ашиггүй гэрээ болгочих вий гэсэн хардлага ард иргэдийн дунд бий болоод удаж буй. Иймээс уг тогтоолын төсөлд уг ордыг ашиглах асуудлыг хэрхэн дүгнэж, тодорхойлсныг хүргэе.
Тэгэхээр “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөлд дурьдсанаар, “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий өмнө нь Ерөнхий сайдын 2015 оны 56 дугаар Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын 2015 оны 200 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан байна.
-Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах аж.
-Мөн алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул цаашид тус ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлох гэнэ. Өөрөөр хэлбэл, Сентерра гоулд нэмэлтээр илрүүлсэн алтаа өөрсдөө ашиглан олборлох эрхтэй юм байна.
-Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээг хийгээд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьсан байна.
Ингээд Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах гэнэ. Өмнө нь Засгийн газар төрийн хувь хэмжээг 20 хувиар тогтоон УИХ-аар оруулж ирснийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Харин ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг дараах хэмжээгээр орлуулан тогтоох боломжтой гэж үзжээ.
Үүнд,
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх;
-Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох гэнэ.
-Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож бас болох тухай уг тогтоолын төсөлд тусгажээ.
Өөрөөр хэлбэл, дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унц нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8 (70.0%) – 490.7 (58.8%) сая ам.доллар байх гэнэ.
Харин талууд татварын орчныг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах, тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа болохыг баталгаажуулах, татвар төлбөрт ялгаварлан гадуурхахгүй байх зарчим баримтлах, ил уурхайгаас гарсан газрын доорх усыг шавхан зайлуулахтай холбоотой төлбөрөөс чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх, сайжруулсан замыг хатуу хучилттай болгох шаардлага тавихгүй байхаар харилцан тохирчээ.
-Мөн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаардагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байх зэрэг тусгагджээ.
-Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар болгож бууруулснаар Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх гэнэ.
-Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах аж. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох талаар уг тогтоолын төсөлд тусгасан байна.
Ийнхүү гацууртын ордыг ашиглах буюу төрийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэн батлах нь тодорхой болжээ.
olloo.mn