Нийслэлийн нийт барилгын 10 хувь нь нурж унах эрсдэлтэй

Улаанбаатар хотод байх нийтийн зориулалттай 3000 орчим орон сууцны барилгын 10 орчим хувь нь засвар үйлчилгээ тогтмол хийдэггүйгээс нурж унах дөхсөн, газар хөдлөлтийг тооцож бариагүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаад багагүй хугацаа үдэж байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 65,Чингэлтэй дүүрэгт 54, Баянзүрх дүүрэгт 25, Баянгол дүүрэгт 29, Хан-Уул дүүрэгт 61,Сонгинохайрхан дүүрэгт 19 буюу  нийт 260 барилга байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдэгдсэн. 

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын бат бэхийг сайжруулахаас илүүтэй дээвэр, цахилгаан шат, инженерийн шугам сүлжээг засаж гадна өнгийг нь будах төдийхнөөр өнгөрч байгаа нь эрсдэл дагуулсаар байна. Ийм барилгууд ч нэлээд бий. БГД-ийн 1-3 дугаар хороонд байрлах “Төмөр замын шар“-ууд гэх барилга, БГД-ийн 18 дугаар хороо, хуучнаар “Од” кинотеатрын урд байх 27 айлын орон сууц, СХД-ийн 19 дүгээр хорооны 48 айлын 1-3 дугаар байр, СХД-ийн 6 дугаар хорооны “Ханын материалын комбинат”-ын 1-6 дугаар байр,БЗД-ийн 6 дугаар хорооны “Цэрэг”-ийн 44 дүгээр байрыг буулгаж дахин төлөвлөлт хийн үйлчилгээ бүхий орон сууцны барилга барьж байна.

БГД-ийн 20 дугаар хороо /хуучнаар Төв түүхий эдийн баазын ажилчдын/-нд байх орон сууцны 3 барилга, СХД-ийн 20 дугаар хороонд байрлах “Нефть”-ийн ажилчдын 3 байр, БЗД-ийн 16 дугаар хороонд байх /хуучнаар Сүүний үйлдвэрийн автобаазын ажилчдын/ 16 айлын орон сууцны 2 орцтой, 2 давхар дүнзэн байшин, Сүүний үйлдвэрийн ажилчдын 12 айлын 2 давхар байр, 72 дугаар хотхонд байх Төмөр замын ажилчдын 2 давхар байр, 22 дугаар хороо, “Улиастай”-д байх офицеруудын 1-4 дүгээр байр,  5 дугаар хороонд байх “Сансар” хотхоны 4-10 дугаар байр, 11 дүгээр хороо, “Хонхор” тосгон дахь сургуулийн багш, ажилчдын 18 айлын орон сууцны 3 орцтой 2 давхар барилга, Налайх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5, 26-30 дугаар байрны 2 давхар барилга, ХУД-ийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын үндсэн хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл гарч улсын байцаагчийн дүгнэлт, акт тавигджээ.   

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар ХУД-ийн 3 дугаар хороонд байрлах “Ажилчин” СӨХ-ны 25, 26 дугаар байр, БЗД-ийн 4 дүгээр хороонд байх “Американ консул” СӨХ-ны 60, 61 дүгээр байрыг ашиглах боломжгүй нь тогтоогдсон бөгөөд нурах аюултай 48 барилгын ашиглалтыг зогсоохыг оршин суугч, хот, дүүргийн удирдлагад хүргүүлээд байна.

  

Мэргэжлийн байгууллагын хянаж шалгаснаас гадна өөр олон барилгууд өнөөдөр нурах эрсдэлтэйг иргэд, оршин суугчид хэлж байна. Тухайлбал 1,2 дугаар 40 мянгат 50 мянгатын байрнуудын ашиглалтын хугацаа дуусаж, багагүй эрсдэл үүсээд байгаа аж. Харин одоогоор тэдгээр байрнуудын  гадна өнгийг өөрчилсөнөөс өөр зүйл хийгээгүйг оршин суугчид нь хэлж байгаа юм. 

Дээр дурдсан олон жишээнээс харахад бараг нийслэл хотын орон сууцны тал хувь нь нурж унах эрсдэлтэй байна гэхэд болно. Дээрээс нь шинээр баригдаж буй барилгуудын аюулгүй байдал, чанарын асуудал ч  иргэдийн санааг ихээр зовоож байгаа билээ. Тиймээс энэ бүхэнд холбогдох бүх байгууллагууд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Дан ганц шалгаж, дүгнэлт гаргахаас засаж, сайжруулах тал дээр шахаж, шаардаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button