НӨАТ-ын буцаан олголтын сугалааны эхний азтан 17-нд тодорно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтын баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байна. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож буйгаараа давуу талтай. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй” хэмээлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болж байна гэсэн үг юм.
Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг гэнэ. Эхний сугалаа энэ сарын 17-нд орон даяар явагдана. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөг бөгөөд бусад олон хонжвор байгаа гэнэ.
Г.Уянга
Olloo.mn