Ерөнхий сайд талх, сүү худалдан авч НӨАТ-ын хуулийг сурталчлав

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр худалдааны төвөд зочилж, талх,сүү , өндөг худалдан авав. Тэрбээр энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийг сурталчлахын тулд ийн явсан юм. Тэгвэл НӨАТ гэдэг нь нэмүү өртөг шингэсэн аливаа бараа үйлчилгээн дээр арван хувийн татвар нэмж авна. Энэ татварын 20 хувийг иргэдэд буцааж олгоно. Иргэд энэ хувиа авахын тулд бараа үйлчилгээнийхээ төлбөрийг баталгаажуулах учиртай.
Ерөнхий сайд энэ үеэрээ “Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтын баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байна. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож буйгаараа давуу талтай. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй” хэмээлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болж байна гэсэн үг юм.Тухайлбал Ерөнхий сайдын жишээн дээр тайлбарлахад тэрбээр нийтдээ 7350 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан. Ингээд үүн дээр НӨАТ 735 төгрөг нэмэгдэж 8085 төгрөг болж байна. Үүнээс ерөнхий сайд хоёр хувийг буюу 150 орчим төгрөгийг буцаан авах учиртай. Бага мөнгөн дүнтэй гүйлгээ болохоор буцаад өөрт ирж байгаа мөнгө нь бага мэт санагдаж болох ч хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй цахилгаан бараа, тавилга, эд хогшил худалдан авахад энэ мөнгөн дүн хэд дахин үржигдэнэ гэдгийг иргэн та санаж НӨАТ-ын хуулиа дагаж мөрдөн худалдан авалт бүрийнхээ баримтыг цуглуулах нь чухал юм.
Түүнчлэн уг хууль хэрэгжиж эхэлснээр далд, нуугдмал байсан эдийн засаг ил гарна хэмээн хууль санаачлагчид үзсэн. Учир нь ААН-үүд энэ хуулиар орлогоо нуух, хуурамч тайлан гаргах үзэгдэл арилна. Өөрөөр хэлбэл 40 хүртэл хувь нууцлагдмал байсан эдийн засаг ил болох боломжтой.
Дашрамд дуулгахад НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг гэнэ. Эхний сугалаа энэ сарын 17-нд орон даяар явагдана. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөг бөгөөд бусад олон хонжвор байгаа гэнэ.