Хөрсөн дээр буугаагүй НӨАТ-ын шинэ хууль жижиг бизнес эрхлэгчдийг ацан шалаанд орууллаа

Энэ сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдээд байгаа. Хэдийгээр энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр манай улсын татварын системд нэлээд томоохон өөрчлөлт ороод зогсохгүй аж ахуйн нэгжүүдийн орлого ил болж байгаа ч жижиг бизнес эрхлэгчдийг НӨАТ- ын урамшуулал нэрээр амыг нь барьсан хуудуутай хууль болчихлоо. Угтаа бол эрх баригчдын зүгээс НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг авах таатай боломж бүрдэж байна хэмээн хэлж байгаа ч үнэн хэрэгтээ найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс болон худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид энэ хуульд чирэгдэж дампуурах уу, амилах уу гэдэг хатуухан шүүлтүүрийн өмнө ирээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, иргэд сугалаанд оролцохын тулд үйлчлүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдээсээ баримтаа нэхэх нь тодорхой. Хэрвээ тухайн байгууллага НӨАТ төлөгч биш бол бага, багаар үйлчлүүлэгчээ алдана гэсэн үг. Бодит байдал ийм байгаа учраас жижиг худалдаа эрхлэгчид энэхүү хуудуутай хуулиас болж дампуурах голдирол руугаа орж байна гэсэн үг. Яг үнэндээ эрх баригчдын үнэн нүүр царай нь улсын төсвийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж болоод жижиг бизнес эрхлэгчдийг хуулиар далайлгаж амыг нь барихаар зүтгэсэн хууль болох нь илэрхий харагдаж буй билээ.
Энэхүү шинэ хуулийн талаар Сүхбаатар дүүргийн “Янзага" найман нэрийн хүсний дэлгүүрийн эзэн Г.Доржпагам “Бид энэ хуулийг дэмжиж байгаа хэдий ч зарим талаараа учир дутагдалтай байна. Яг үнэндээ биднийг хүнд дарамтад оруулчихаад байна л даа. Учир нь, баримт хэвлэх төхөөрөмжийг худалдаа эрхлэгч бүр худалдан авах шаардлагатай болсон. Энэ төхөөрөмжийг хэрвээ авахгүй бол бидний ажлын байрыг хаана гэсэн. Төхөөрөмж нь 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй. Яг үнэндээ бид бусад том супермаркетууд шиг өдөр болгон орлоготой байдаггүй. Зөвхөн баяр ёслолын үеэр л арай ядан шархаа нөхдөг. Гэтэл амьдралд нийцэхгүй хууль баталж жижиг наймаа эрхлэгч биднийг цаазын тавцанд авааччихлаа” гэсэн юм. Түүнчлэн тус дэлгүүрийн ойролцоо байрлах зарим хүнсний дэлгүүрийн эзэд НӨАТ-ын , буцаан авалт урамшуулал, – сугалаанд оролцохыг дэмжиж байгаа. Гэхдээ үйлчилгээ үзүүлэгч бизнесмэн болон аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдэд баримт өгөхийн тулд кассын машинтай байх шаардлагатай. Хэрвээ байхгүй бол www.e-barimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн
дугаараа бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх хэрэгтэй хэмээн зааж байгаа. Энэ нь одоогийн нөхцөлд хэрэгжүүлэхэд муйхар гэмээр санаачилга. Учир нь худалдаа эрхлэгч, лангуу түрээслэгчдийн хувьд интернэт орчинд үйлчилгээ үзүүлэх байтугай банкуудын карт уншигчаар үйлчлэх нь ч ховор байдаг.
Бодит байдал ийм байхад шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Иргэд та бүхэн заавал сугалаанд оролцохын тулд кассын баримтаа аваарай гэж хэлэх юм. Тухайлбал, “Өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг супермаркетаар орж үйлчлүүллээ. Мэдээж том, том сүлжээ дэлгүүрүүд биднийг бодвол төлбврийн чадвартай кассын машин авчих хэмжээний хүмүүс байгаа. Гэтэл Ерөнхий сайд маань гэр хорооллын хүнсний дэлгүүрээр явж бодит байдалтай танилцахын оронд захын нэг томоохон сүлжээ дэлгүүрээр явж амьдрал сайхан болно оо. Та бүхэн худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар
татварын хөнгөлөлт эдлэхээс гадна зөвхөн татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд, бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя.
Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно" гэж нэхэж авах хэрэгтэй хэмээх юм.
Энэхүү хуулийг санаачилсан,баталсан УИХ-ын гишүүд бодит амьдралын хөрсөн дээр бууж ард иргэдийнхээ амьдралын гүн рүү орж ажилла гэж хэлмээр байна” хэмээн шаагилдацгааж байлаа. Ямартай ч энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн энэхүү шинэ хууль жижиг аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг бизнес эрхлэгчдэд тун хүндээр тусаж тэднийг зах зээлээс шахаж гаргах хууль болжээ.
Р.Саруул