Аз нь шовойсон аавын хүүхдүүд л төрд үлдэнэ

Төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн тоог нэмэх нь тодорхой болжээ. Ийн хэлэхийн учир нь энэ сарын 1-нээс Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэхээр болж тэдгээрээс ойролцоогоор 400-гаад хүн ажилгүй болно гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Хамгийн гол нь энэ цомхотголд ямар хүмүүс орж, хэн гэгч азтай нь үлдэх бол гэсэн битүүхэн айдас, хүйдэс тус газрын ажилчдын шүдний өвчин болоод буй юм. Тухайлбал, ГЕГ-т ажилладаг нэгэн танил маань “энэ сарын 15-наас өмнө таньдаг, мэддэг дарга нартайгаа уулзаж ажилдаа үлдэх хэрэгтэй байна  гэж ярьлаа.

 

Уг нь Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид аль нэг намын харьяалалгүй байх ёстой гээд заачихсан байгаа. Гэтэл наанаа намын харьяалалгүй юм шиг харагдавч, цаанаа огт өөр эрх ашгийн төлөө ажиллаж намгүй, танилгүй биднийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулж байх шиг байна” хэмээн ихэд шаналангуй байдалтай байгаатай нь таарсан юм.

 

Мэдээж хоёр газрыг нэгтгэж байгаа учраас хэн, хэн гэгч нь үлдэх бол гэдэг олны сонирхолыг татах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, манай төрийн албанд бугшсан нэг муухай зүйл нь танил тал, найз нөхөд, ах дүү амраг садангаа мэдлэг боловсролгүй байсан ч ямар нэгэн аргаар аваад үлдчихдэг муухай зуршил бий болчихсон цаг үе учраас тус газрын алба хаагчид санаа зовниж, шөнөдөө нойргүй хонож буй юм.

 

Хэрвээ шинээр томилогдсон дарга нар нам харгалзахгүй, танил талаа бодохгүйгээр чадварлаг боловсон хүчнүүдээ сорчлон авч үлдвэл тэд нийгэмд сайнаар үнэлэгдэх нь ойлгомжтой. Даанч тэдэнд үлдсэн багахан хугацаандаа төрд ажилчих сэтгэлтэй хүмүүсийг нь шигшиж аваад үлдэх сэтгэл байхгүй нь харамсалтай.

 

Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий агентлагийн дарга нараар томилогдсон нөхөд нөгөө л ар, өврийн хаалгаа хэрэглэж цомхотголд орох биш харин ч бүр тушаал дэвшин дэд дарга гэх зөөлөн суудалд шигдээд авсан байна билээ. Тиймээс л тэд багаа бүрдүүлэхийн тулд өөрийн гарын хүмүүс болсон нөгөө л нэг боловсролгүй, мэдлэггүй хэдэн “баагийнуудаа” авч үлдэх нь тодорхой.

 

Тэгэхээр   ажилдаа үнэнч шударгаар хандсан, боловсролтой, хэн нэгнийг долдойдож яваагүй цэвэр хүмүүс ийнхүү төрийн албанаас шахагдах болчихоод байгаа нь харамсалтай. Эрх баригчдын зүгээс удахгүй төрийн албанаас шахагдах 400 гаруй алба хаагчийг ажлаас нь чөлөөлснөөр төсвөө хэмнээд зогсохгүй, давхардсан орон тоог багасгаж цалин хангамж буурна гэж үзэж байгаа нь харамсалтай. Юутай ч шийдлийн Засгийн газрын “шуурга”-наар 400 гаруй хүн дахиад л ажилгүй болох нь ээ.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button