Улаанбаатарын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлэх хүсэлт гаргажээ

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн аж. Мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Ц.Баасандорж ярьжээ.
Талийгаач залуу Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Мөн залуу өмнө нь удаа дараа халдлагад өртөж байсан аж.
Тэгвэл өмгөөлөгч Ц.Баасандорж эл хэргийг гадны нөлөөтэй хэмээн үзэж байгаа учир “түүнийг амиа хорлоогүй, гадны нөлөөтэй нас барсан гэх бүхий л баримтыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа гэнэ. Мөн эл хэргийг Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар хэрэг үүсгэж Улаанбаатар хотын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлж өгөх хүсэлтийг ЦЕГ-т гаргаж байгаа юм байна.
Юутай ч залуу амиа хорлоогүй гадны нөлөөтэй, өөр ашиг сонирхлын улмаас амиа алдсан гэдгийг тэрээр олон гаргалгаа баримт дээр тулгуурлан үзэж буйгаас гадна өмнө нь хутгалуулахад нь эл хэргийг мөрдөж, шалгаагүй Сүхбаатар дүүрэг болоод Өмнөговь аймгийн мөрдөн байцаагч нарт албан шалгалт орох ёстой. Шалгаад авах ёстой арга хэмжээг явуулаагүй бол хариуцлага тооцох ёстой хэмээн ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
olloo.mn