Шигшээ тоглолтонд 32 багийн 448 тамирчин оролцоно

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн гар бөмбөг болон сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн спортыг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, сурагч багш нарын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Тэгвэл тэмцээний шигшээ тоглолтод оролцох шилдэг багуудын нэр тодорчээ. Шигшээ тоглолтод оролцох эрх авсан багууд өчигдөр сугалаагаа сугаллаа. Энэ үеэр нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаяраас тэмцээний талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ жил “Сурагчдын лиг”-ийн тэмцээнийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Шигшээ тоглолтод оролцох багийн нэрс тодорч, өнөөдөр /өчигдөр/ сугалаагаа сугаллаа. Шигшээ тоглолтод хэдэн баг өрсөлдөх вэ?

-Энэ жилийн “Сурагчдын лиг”-т нийслэлийн есөн дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 26729 сурагч, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 106 сургуулийн 193 багийн 3000 гаруй сурагч оролцсон. Харин шигшээ тоглолтод дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн 27 сургуулийн шилдэг 32 багийн 448 тамирчин өрсөлдөнө. Гар бөмбөгийн тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Сагсан бөмбөгийн тэмцээнийг зургаа дахь жилдээ зохиох гэж байна.

-Шигшээ тоглолт хэдэн өдөр үргэлжлэх вэ?

-Тэмцээний шигшээ тоглолт гар болон сагсан бөмбөгийн төрлөөр явагдана. Энэ сарын 11-15 өдрүүдэд болно.

-хэдэн насны ангилалд зохион байгуулж байна вэ?

-Бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна.

-Тэргүүн байранд орсон ахлах насны ангилалын баг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний “Супер лиг”-ийн тамирчидтай халз тоглоно гэсэн, үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Үүнээс гадна бид МҮСБХ-той хамтран ажиллаж, багачуудыг энэ спортоор цаашид хичээллэх тал дээр анхаарч ажиллана.

-Жил бүр өөр өөрийн өнгө, онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд архи, тамхины эсрэг уриатай зохион байгуулж байгаа гэж сонссон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ удаагийн тэмцээн буруу зуршилгүй байх уриатай. Өөрөөр хэлбэл, архи болон тамхины эсрэг сурталчилгаатай зохион байгуулагдаж байна. Тухайлбал, ямар нэг хүүхэд тамхи татаж байгаад зохион байгуулагчдад баригдах аваас багаар нь хасна.

-Багаар нь уу?

-Тийм ээ, өнгөрсөн жилүүдэд зөвхөн тухайн тамирчинг хасч байсан. Энэ жил бол багаар нь тэмцээнээс хасна. Тэр ч битгий хэл, дүүргийн онооноос нь хасч, хамгийн сүүлийн байрт оруулна.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button