Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ

Үндсэн хуулийн Цэц нь УИХ-аас баталсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард гаргасан. Тэгвэл үүнийг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс сонордуулга гарган эсэргүүцсэн билээ.

 

Үүнтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Тагнуулын ерөнхий газарт хандсан байна. Учир нь Цэцийнхэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Шинэ хөдөлгөөний талаар лавлагаа авах гэсэн боловч байгуулагдаагүй, бүртгэлгүй байсан аж.

 

“Шинэ хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан сонордуулгыг цэцийнхэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэх, Үндсэн хуульт байгууллагад заналхийлсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, шалгуулахыг хүсжээ.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГАРГАСАН МЭДЭГДЭЛДЭЭ: 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна.Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллагад заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад хандаад байна Үндсэн Хуулийн Цэц гэжээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button