Хотын удирдлагууд шүүхэд дуудагдахаар боллоо

Хотын удирдлагуудын болчимгүй шийдвэр буюу хувьчлалын асуудал одоог хүртэл маргаан дагуулсан хэвээр байна. Ингэж нэрийдэхийн учир нь Э.Бат- Үүл тэргүүтэй хотын багынхан нийслэлийн аль өнгөтэй, өөдтэй А зэрэглэлд байрлаж буй газруудыг өмч хувьчлалд оруулж нээлттэй дуудлага худалдаа хийх шийдвэрийг гаргасан. Эдгээрийн дотор Хүүхдийн урлан бүтээх төв багтчихаад буй юм. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30- ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг энэ оны өмч хувьчлалд хамруулах асуудал дэмжигдсэн юм. Хамгийн хачирхалтай нь энэхүү төвийг хувьчлах шийдвэр гаргахдаа тус газрын удирдлагуудад мэдэгдээгүй байгаа юм.

 

Хэдийгээр энэ нь хотын өмч ч гэлээ дотор нь ажиллаж буй хүмүүст урьдчилан мэдэгдэж санал солилцох ёстой. Гэтэл эрх мэдэл албан тушаалдаа ташуурсан хотын удирдлагууд тус төвийн багш нарыг үл тоон ийнхүү хувьчлалд оруулах шийдвэрийг гаргасан байгаа юм. Багш нар төвийг нь хувьчлах болсон тухайг телевизийн мэдээнээс олж харсан тухайгаа бидэнд учирлан ярьж байсан. Ингээд багш нар мэдээ гарсны маргааш нь шуурхай хурал зарлаж НИТХ-ын дарга Д.Баттулга, Хотын дарга Э.Бат-Үүл нарт нийт ажилчдынхаа гарын үсэгтэй "Тус төвий ажлын

талаар болон хувьчлахыг эсэргүүцсэн" саналаа албан бичгээр хүргүүлсэн байдаг юм. Гэтэл багш нараас хувьчлалыг эсэргүүцсэн албан бичгийг нь хүлээн авсан мөртлөө арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тэд тус төвийг хувьчлах асуудлыг дэмжээд явчихсан байгаа юм.

 

Ингээд энэ үйл явдлын дараа тус төвд сурдаг хүүхдүүд болон эцэг эхчүүд нь эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан. Уг нь хууль дүрэмдээ бол “Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" тогтоолд "Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг хүүхэд багачуудад

нь зориулалтын дагуу ашиглуулна" гэж заасан байдаг ажээ.

Гэтэл тэд энэхүү хувьчлалыг яаран сандран хийхийн тулд Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Барилгыг мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьж, барилгын суурийг чанарын муу түвшинд гүйцэтгэсэн учир ашиглалтын явцад зарим хэсгээрээ цууралт үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас   ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хоёр удаа гарсан. Уг барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй, аюултай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон гэх тайлбарыг өгч байгаа.

 

Гэтэл Европын холбооноос ирсэн төлөөлөгчид дуу нэгтэйгээр

одоо байгаа чигээр нь сэргээн засварлах боломжтой гэдгийг хэлжээ. Ямартай ч уг хувьчлалыг эсэргүүцэж байсан тус төвийн 1400 хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шүүхээр шийдүүлэхээр болсон байна. Тодруулбал, тус шүүхийн шүүгч Д.Сайнзаяа, Ц.Мөнхзул нар нэр бүхий найман иргэний гомдлыг өнгөрсөн сарын 28-ны өдөр хүлээн авч татгалзах үндэслэл байхгүй хэмээн НИТХ-д холбогдуулан Захиргааны хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, гомдол гаргасан эцэг эхчүүд шүүхэд гаргасан        нэхэмжлэлдээ “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны арваннэгдүгээр caрын 30-ны өдрийн 32/29 тоот “Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах өмчийн зүйлсийн жагсаалт” тогтоолын хавсралтад буй “Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо Хүүхдийн урлан бүтээх төв” гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг дурдсан байна" гэжээ.

 

Тиймээс шүүгчид энэ асуудлыг сайтар хянасны эцэст уг асуудалд ач холбогдол өгч нотлох баримтыг цуглуулах, шаардлагатай бусад ажиллагаа явуулахыг шүүгчийн туслах О.Чулуунбаатарт даалгасан байна. Тиймээс эцэг эхчүүд улсдаа цөөхөн үлдсэн хүүхэд залуучуудад      зориулсан барилга байгууламжид гар дүрж байгаа  хариуцлагагүй үйлдлийг хууль ёсны дагуу шийдэж зөв шийдвэр гаргана гэдэгт ч итгэж буйгаа хэлж байсан юм.

 

Яг үнэндээ АН- ынхан засгийн эрхийг гартаа авснаас хойш өмч хувьчлалыг жинхэнэ утгаар нь завхруулж байсан. Тухайлбал, 1990-ээд онд хийсэн өмч хувьчлал нь маш муу болж өнөөдрийн монголын тэрбумтнууд төрж байсан түүхтэй. Угтаа бол хэдхэн тооны хүмүүсийн эрх ашгийг хангасан өмч хувьчлал болсон гэсэн үг. Тэгвэл тэд энэ удаа ч гэсэн "булхайтай" зүйл хийхээр төлөвлөөд эхэлсэн ч энэ удаа шүүхийн хаалга татлаа.Эцэст нь хэлэхэд улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө нэмж барилга барьдаггүй юм гэхэд байгаа хэдэн барилга байгууламжуудыг нь үлдээх хэрэгтэй. Хүүхдийн суралцах, хөгжих боломжийг хаасан энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоохыг одоо ч олон нийт шаардсан хэвээр байгаа юм.

 

Өглөөний сонин

Р.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button