Төрийн шагналын босгыг өндөрсгөнө гэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Уг хуулийн төсөл нь долоон бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон.
Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх юм байна.
Түүнчлэн шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоосон бөгөөд шагналыг хэн гардуулах асуудлыг ч хуульчилжээ. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болох аж.
Үүнд Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус заасан байна.