Ипотекийн зээлийн хүү 5 болж буурвал 8 хувийнхан шилжих боломжтой гэнэ шүү

Орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, илүү таатай нөхцлөөр үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн зохицуулалтыг УИХ-аас Монголбанк, МИК зэрэг байгууллагуудтай хамтран хийх гэж байгаа таатай мэдээ цацагдсанаас хойш иргэдийн дунд хүлээлт бий болсон гэхэд болно. Энэ ажил нь эдийн засгийн хувьд ч боломжтой хаа хаанаа үр өгөөжтэй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын дарга З.Энхболд нар хэд хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Тэгвэл иргэдийн дунд хэрэв ипотекийн зээлийн хүү буурч 6 юм уу, 5 хувьтай боллоо гэхэд өнөөгийн 8 хувийн зээлд хамрагдсан иргэд шилжиж болох уу гэсэн асуулт буй. Тэгвэл энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “боломжтой” гэсэн хариулт өгчээ.
Тэрбээр “Мэдээж боломжтой байлгүй яахав” хэмээгээд зээлийн хүүг бууруулах асуудал хэзээнээс хэрэгжих боломжтой вэ гэдэгт, “УИХ Цагаан сарын баяраас өмнө хууль эрх зүйн зохицуулалтыг хуучин хэвэнд нь буцаан шийдвэрлэчихвэл тэр даруй өөрчилнө" гэжээ.
Өрх ямар орлогын түвшин дээр орон сууцтай болж чадах тэр жишгийг Монголбанкны зүгээс голлож хардаг. Гурван жилийн өмнө өрхийн орлого 4 сая төгрөг орчим байвал л орон сууцны зээл авч чаддаг байсан. Харин 8 хувийн хүүтэй зээл гарснаас хойш өрхийн орлого дунджаар 3 сая байхад зээл авах боломжтой болсон учир хүрээгээ маш сайн тэлж чадсан. Үүний үр дүнд л 80 мянган өрх орон сууцанд орж чадсан юм. Хэрэв зээлийн хүүг 5 хувь болгож чадвал үүнээс ч илүү хамрах хүрээгээ тэлж, өрхийн орлого 1 сая орчим байхад л зээл авч чадах боломжтой болно. Харин эсэргээрээ урьчилгаа төлбөрийг зарим улс төрчдийн ярьж байгаа шиг 10 хувь болгочихвол эргээд өрхийн орлого 1 сая биш 2 сая гаруй төгрөг болж өсөөд явна. Тэгэхээр энэ бол хүнд өгөөжөө өгөх зүйл биш, хамрах хүрээгээ харин ч хумина. Тийм учраас Монголбанк энэ зүйлээс хойш сууж, эсэргүүцэж байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn