Цэцийн 16 дугаар дүгнэлтээр тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.
Хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шүүхийн шийдвэрийг давж заалдах, … эрхтэй. .”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.
Харин чуулганы хуралдаанаар энэ дүгнэлтийг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цэцийн дүгнэлт ойлгомжгүй, аль талд гарсан нь тодорхойгүй байна гэсэн юм. Ийн маргаан дэгдсэний дараа УИХ-ын дарга “Дэгийн хууль өөрчлөгдтөл уг хуулийг хэлэлцэх боломжгүй юм байна” гэсэн. Ингээд Х.Тэмүүжин Цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар гишүүдийн 61,4 хувийн саналаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.
olloo.mn