Энэ оны эхний улиралд төрд ажиллагсдын цалинг нэмнэ

МҮЭХ-ны удирдлагууд 2015 онд хийсэн томоохон ажлууд, энэ онд зохион байгуулах олон чухал ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
2015 оны 11 дүгээр сард иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр Засгийн газартай нэмэлт хэлэлцээр хийсэн гэнэ. Оны эхэнд энэ амлалтаа Засгийн газар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тус холбооны удирдлагууд дуулгав. 2016 онд гишүүдийнхээ ажлын байрыг хадгалах, бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарахаас гадна тэдэнд үзүүлж буй хууль эрх зүйн туслалцааг улам өргөжүүлэх аж.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн үеэр 2015 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгагдсан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлсэн. Хэлэлцээр ёсоор Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг 2016 оны эхний улиралд багтаж шийдэх шийдэлд хүрсэн байна.
Энэ талаар тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Өнгөрсөн онд МҮЭХ-нд ирсэн үндэслэлгүй ажлаас халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн. Үндэслэлгүй ажлаас халах зөрчил дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад зонхилсон. Мөн эдийн засаг хүндрэлтэй гэх шалтгаанаар цалин хөлснөөс үндэслэлгүй суутгал хийсэн, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ээлжийн амралт олгоогүй гэх асуудлаар 700 гаруй хүн хандсан байна. Цалингаа цагт нь өгдөггүй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж, дотроо үйлдвэрчний эвлэл байгуулсных нь төлөө ажлаас нь халах явдал цөөнгүй гарчээ. 2016 онд эдгээр асуудлыг шийдвэрлэх, гишүүдийнхээ ажлын байрыг хадгалах, бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарна" гэлээ.
olloo.mn