Цас, мөсөө цэвэрлээгүй 30 гаруй аж ахуй нэгжид арга хэмжээ авчээ

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууц, гэр хорооллын доторх замд халтиргаа гулгаа үүсэн зам тээврийн осолтой холбоотой дуудлага нэмэгдэж байгааг Замын цагдаагаас мэдээлж байгаа. 

Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс гудамж талбайд үүссэн халтиргааг шуурхай арилгах, гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шалгалт явуулж байна. 

Сүхбаатар дүүргийн хэмжээнд дээрх шалгалттай холбоотойгоор ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-аас хариуцсан автозамуудад өнөөдрийн байдлаар нийт 31.5 тонн давс, 11 тонн тусгай бодис цацжээ. Мөн дүүргийн Дэд бүтэц, тохижилтын болон Худалдаа үйлчилгээний хэлтсээс ойр орчмын цас, мөсөө цэвэрлээгүй аж ахуй, нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. 

Аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй 30 гаруй аж ахуй нэгжид дүүргийн зүгээс холбогдох арга хэмжээг авчээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button