Насжилт дууссан импортын автобусыг шахаж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлье

Монголын анхны “Эколог бус” компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн 20 ширхэг автобус иргэдэд үйлчилж эхлээд хоёр сар гаруй болж байгаа. Монгол инженерүүдийн ур ухаан шингэж бүтсэн уг автобус нь нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникийг шингээсэн хэмээн тус компанийн ерөнхий инженер Д.Ариунболд ярьж байна. Ингээд та бүхэнд түүний дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. 

-Экобус үйлчилгээнд гараад хоёр  сар гаруй болж байна. Энэ хугацаанд иргэдийн сэтгэгдэл ямар байна вэ? 

-Манай эко J-800T автобус маань бол нийтийн тээврийн салбарт шинэ стандарт, технологийг нэвтрүүлсэн. Загвар талаасаа намхан шалтай, заалаа Монголынхоо хүйтэн уур амьсгалд тохируулан халаадаг паар тавьж өгсөн зэрэг олон давуу талтай. Мөн Монгол иргэдийнхээ дундаж өндөрт тааруулаад заалны бариулыг нь хүртэл бусад автобуснуудынхаас намхан хийж өгсөн.  Энэ бүх иргэдийн тав тухтай байдлыг хангасан байдал нь иргэдэд ихээхэн таалагддаг нь ажиглагдсан. 

-Хөдөлгүүрийн хувьд? 

-Евро 4 стандартын хөдөлгүүрээр ажилладаг. Энэ нь утаа ялгаруулдаггүй. Нэмэлт CRC катизатер төхөөрөмжтэй. Нэг ёсондоо жийпний хөдөлгүүрээр ажилладаг гэсэн үг. 

Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг. 

-Эдгээр автобусыг хэдий хэр хугацаанд үйлдвэрлэсэн бэ?

-Автобус маань жил гаруйн хугацаанд үйлдвэрлэгдсэн байгаа. 

-Тэгвэл  нэг автобусыг хэд хоногийн дотор үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?

-Нэг автобусыг дунджаар 28 хоногийн дотор  бэлэн болгодог. Гэхдээ олон ширхгээр үйлдвэрлэхэд энэ хугацаа багасаж болно.

-Ойролцоогоор нэг автобус хэдэн төгрөгөөр үйлдвэрлэгдсэн бэ? 

-Нэг автобус ойролцоогоор 130 мянган ам.доллараар бүтсэн. Гаднаас оруулж ирж байгаа евро 1 стандартын Солонгос автобуснуудын нэг нь л 120 орчим мянган доллар байдаг. 

-Өөрсдийн үйлдвэрлэсэн автобусаа цаашид энийг нь нэг засаж  сайжруулчихвал гэж бодож байв уу? 

-Эко автобусны тухайд техник арчлалт, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний хувьд Монголдоо цоо шинэ стандартыг бий болгосон автобус л даа. Тэр талаараа үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас бүх талаараа илүү, хөгжилтэй орны түвшинд очсон гэж хэлж болно. Цаашид мэдээж олон улсын жишгийн дагуу сайжруулаад явна. 

-Уг автобусын ашиглалтын хугацааг хэрхэн тооцдог вэ?

-Бид Монголынхоо нийтийн тээврийн MNS 5012 гэх стандартын дагуу автобусууддаа нэг жилийн баталгаа өгдөг.Харин нийтийн тээвэрт явах хугацаа 12 жил байдаг. Уг нь бол дэлхийн жишигт нийтийн тээврийн ашиглалтын хугацаа нь найман жил байдаг. 

-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ? 

-Манай инженерүүд зураг төслөө гаргачихаад шаардлагатай зайлшгүй гаднаас авч ирэх ёстой түүхий эдүүдийг бол БНСУ, БНХАУ—аас оруулж ирдэг. Гэхдээ бид аль болох дотооддоо үйлдвэрлэсэн түүхий эд авахыг зорьдог. Зайлшгүй шаардлагатай  бол л гаднаас авдаг. 

Манайхан гаднаас оруулж ирж байгаа хуучин автобуснаас татвар авдаггүй хэрнээ, дотооддоо дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн шинэ автобус үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, эд ангийг оруулж ирэхэд татвар авдаг.

– Манай улсын хувьд үйлдвэржилт төдийлөн сайн хөгжөөгүй. Тиймээс ч үндэсний үйлдвэрлэгчдэд асуудал мундахгүй их байдаг байх. Танай хувьд төрийн зүгээс ямар дэмжлэг хүсэж байна. Ер нь дэмжлэг үзүүлж байна уу? 

-Нэг үеэ бодвол төр засгийн зүгээс бодлогын талаасаа дэмжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн яам хүртэл байгууллаа. Мөн хуульд нэлээд өөрчлөлт оруулж дэмжиж өглөө. Тухайлбал Монгол хүний бүтээсэн  бүтээгдэхүүнийг тендерт шууд шалгаруулна ч гэдэг юм уу энэ талаасаа бол  дэмжлэг сайн байгаа. Ер нь цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тал дээр  анхаарал хандуулбал сайн л байна. Мөн  бид автобусаа үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, зарим эд ангийг гаднаас оруулж ирэхэд  гааль, татвараа  зохих журмын дагуу төлөөд оруулж ирдэг. Гэтэл гаднаас оруулж ирж байгаа хуучин автобусыг ямар ч татваргүй оруулж ирдэг. Энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд нэлээдгүй саад учруулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монгол инженерүүд уур амьсгал, орчин нөхцөлдөө хамгийн сайн тохирох автобус үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэж байхад төрийн зүгээс энэ мэт дэмжлэг үзүүлбэл  болоод л явчихна. 

-Танай компани цаашид  урт автобус үйлдвэрлэх боломжтой юу? Гаднаас нэлээн өндөр үнэтэй автобус оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагууллаа? 

-Боломжгүй зүйл байхгүй. 

Экобусын хувьд аюулгүй ажиллагаа тал дээр хэр баталгаатай вэ? Нийтийн тээвэрт явж буй автобуснууд бараг өдөр алгасахгүй осол гаргах боллоо? 

-Манай нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын тухайд Солонгостоо найман жил яваад үйлчилгээнээс хасагдсан ийм автобуснууд манайд орж ирээд дөрвөн жил орчим үйлчилгээнд явдаг. Тэгэхээр аюулгүй ажиллагаа алдагдахаас аргагүй. Манай автобусны тухайд үйлдвэрлэгдээд  цоо шинээрээ үйлчилгээнд явж буй учир осол аваар гаргах  магадлал маш багатай. Мөн Монголынхоо уур амьсгал бүх нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн учир аюулгүй байдал тал дээр найдвартай. 

-Монгол инженерүүдийн  ур чадварын хувьд ? 

-Манай компани нийт 80 гаруй ажилчинтай. Тэдний 30 гаруй нь инженер техникийн ажилчид байгаа. Инженерүүдийн хувьд бүгд мэргэшсэн. Олон жилийн дадлага туршлагатай хүмүүс бий.  Тиймээс л Монголынхоо нөхцөлд маш сайн тохирох автобусыг ур ухаанаа шингээж хийсэн дээ. 

-Одоогоор аль чиглэлийн шугамд явж байна вэ? 

-Зорчигч тээврийн нэгтгэл компанийн чиглэлд буюу ханын материал, Офицеруудын ордон гэсэн чиглэлд үйлчилгээнд явж байгаа.

Ярилцсанд баярлалаа

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button