Монголчууд аливаа юманд дур зоргоороо хар, таамгаараа хэзээ ч ханддаггүй байсан

Лам ч , ном ч үгүй намаа дагасан бүхэл бүтэн нэг үеийн дараа учраа мэдэхгүй үймэрсэн нийгэм бий болов. Хэдийгээр цагийн аяс наашилж, бурхан ном дэлгэрсэн ч алдагдсан он жилүүдийн хар сүүдэр арилаагүй байна. Хүүхдийн сэвлэг үргээх, хурим найр үүсгэхдээ зан заншил, ёс уламжлалынхаа наад захын хэм хэмжээг мэдэхгүй асууж сураглах хүмүүс олон нь харамсалтай. Энэ тухай бурхан урлаач Д.Ухаанзаяатай уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр сайн муу, ус сүү хоёрыг ялгарахад бэрх болсон энэ нийгмийг гэгээрүүлэх тухайтад сургааль номоо хайрлаж, сайн цагийг наашлуулахаар зорьж яваа эрхэм хүн билээ.
-Ёс уламжлалаа сайн мэддэг нэг үе тасарсан. Хүмүүс бараг л цайгаа яаж аягалах вэ гээд асууж сураглаж, эсвэл хар таамгаараа л явж байна?
-Монголчууд бол нарийн дэг жаяг, ёс уламжлалтай ард түмэн. Дур зоргоороо хар таамгаараа юманд хэзээ ч ханддаггүй байсан.Аливаа зан үйлийг өдөр судар, цаг нар, улирлаа шинжиж байж нарийн ёс жаягтай хийдэг байсан. Аливааг хийхдээ Монгол хүн билэг дэмбэрэлээ эхэлж боддог. Билэг дэмбэрэл гэдэг бол дандаа өөдрөгөөр сэтгэж ерөөл талибаж байгаа хэрэг. Орчин үед ажаад байхад бэр ч гуйгаагүй, хурим ч хийгээгүй, хадаг ч тавиагүй хамт амьдарч буй хосууд маш их байна. Ингэж болохгүй. Эндээс л бүх юм нь хазайх ёр нь эхлэж байгаа юм. Хүний хүнийг өөрийн болгож авахдаа их хүндэтгэлтэй хандаж, ёс журамтай авах хэрэгтэй. Тэгж байж залуу хосуудын цаашдын ажил амьдрал тэгшрэхийн үүд нээгдэнэ. Түүнээс биш хүндлэлгүй хандажхүний хүнийг авах юм бол залуу хосуудын цаашдын амьдрал хазайх ёр эхэлнэ. Одоогийн залуу хосууд харанхуй байдлаар учран нийлээд хамт амьдардаг. Жил, мэнгэ, махбодь гээд олон олон харш давамгайлчихсан. Ханилан суугаад таарч тохирохгүй салах эсвэл үр хүүхэдгүй байх гэх мэтээр бэрхшээл саад тулгарч байна. Энэ бол ёс уламжлалаа умартаж, дур зоргоороо аашилсанаас үүдэж буй хэрэг.
-Тухайлбал ямар ёс байх вэ?
-Энд бэр болоочийн болон хүргэний жил уснаас шалтгаалаад өмсөх дээлний өнгө, унах унааны өнгө зүс, зүглэх зүг чиг гээд өөр өөр байна. Өдөр судар,нар цаг гээд нарийн зүйл их бий. Жишээлбэл инж өгч байж бэр буулгадаг байлаа. Бэр гуйх, хадаг тавих, хурим найр хийх гээд нарийн дэг жагтай. Бүсгүй хүн хэдэн бод, бог хүрэх нь тухайн эмэгтэйн ажил үйлс, царай зүснээс шалтгаалдаг байж. Ажил үйлс царай зүс сайтай эмэгтэй бол олон адуу, тэмээ хүрдэг, ажил үйлс царай зүс тааруухан бол хэдхэн бог хүрэх жишээний.
Бүсгүй хүнийг гуйж авах өдөр, үсийг нь самнах хүний жил, өмсөх дээлний өнгө, унах унааны өнгө, зүглэх зүг, бэр гуйхад хэлэх үг гээд бүгд ном сударт тэмдэглээстэй бий. Ерөөлийн үгээ хэлж бэр гуйж аваагүй бол тэр хоёр хосын амьдрал нь бүтэлгүйтнэ гээд номонд заачихсан байна. Эмэгтэй хүнд хурим хийж болох жил, болохгүй жил ч гэж бий. Хэрвээ буруу жил сар өдөр хадамд гарвал хадамдаа муу, нөхөртөө муу, өөртөө муу гээд бэрийн зурхайд нарийн чанад заагаад өгчихсөн байдаг юм.
Монголчууд амьдын, бэрийн, үхэгсэдийн зурхайг нарийн дагадаг. Бэрийн зурхайгаар залуу хосын хамтын амьдрал яаж эхлэхийг, амьдын зурхайгаар хорвоогийн явдал суудлаа хэрхэн цэгцлэхийг, үхэгсэдийн зурхайгаар хойтын буяныг хэрхэн үйлдэхийг заагаад өгчихсөн байдаг. Үүнийгээ бүгдээрээ нарийн чанад дагадаг. Түүнээс биш одоогийнх шиг хүн бүр дур зоргоороо авирладаггүй байсан.
Бэр гуйхад бэр гуйж буй хүнүгээ бүрэн зөв сайхан хэлэх нь хамгийн чухал. Нэг л алдаа гаргах юм бол өгдөггүй буцаадаг ёстой. Ер нь гурван удаа буцааж байж охиноо өгдөг байж. Гуйсан дээр нь гээд бушуухан өгөөд явуулчихдаггүй. Энэ нь охиноо үнэ цэнэтэй гэдгийг л хэлж байгаа юм. Манай аав бол их ёс мэддэг хүн байсан. Манай охин дүүг гуйгаад ирэхэд үгийг нь бүтэн хэлүүлж байж өгсөн. Энэ бол тухайн хүнийг зовоох гээд байгаадаа биш. Гол нь билэг дэмбэрэлээ бодож үгийг нь бүтэн сайхан хэлүүлэх ёстой. Тэндээс нь залуу хосуудын хойшдын амьдрал тэгшрэхийн билэгдэл болдог. Монгол хүн билэгээрээ, хятад хүн бэлээрээ гэж. Амны билэгээрээ учирч болох муу юмыг битгий хэл, учирсан мууг үргээх шидтэй гэж үздэг. Хүний амнаас ерөөлийн үг гарснаар амны жанлав адистад зөв оршиж, хойшдын амьдрал биеийн эрүүл мэнд хамаардагийг хүн бүр санаж явах хэрэгтэй. Муу үгтэй дуу дуулах, муу үг хараал зүхлийг байнга хэлэх нь амны жанлав арилж нүүр царай хүртэл хар бараан болдог гэмтэй. Үг бол бууны сумнаас хүчтэй тусдаг юм.
-Гэтэл одоо манайханд амны билэг доод түвшиндээ орсон гэж хэлж болохоор байна. Билэггүй муу үг хэлэх нь хэвийн мэт болжээ. Энэ нөгөө цөвүүн цагийн шинж нь үү?
-Цаг муудсаны ёр нь тэр. Богдуудын бошиг лүндэнд цөвүүн цаг ирнэ гэж бий. Цөвүүн цаг гэхээр уул нураад ирэх юм биш. Угаасаа хүн дотроосоо муудаад ирэхийг хэлж байгаа юм. Цөвтөнө гэдэг жам ёсоороо явж чадахаа болино гэсэн үг. Насны цөв, үзлийн цөв, нисваансын цөв гэхчлэн таван цөв илэрч байна. Насны цөв гэдэг нь хүн жам ёсоороо насалж чадахгүй болсныг хэлнэ. Ная, ер, зуу хүрдэг байсан бол одоо жар, дал хүрч ээж аавынхаа өмнө орж байгаа нь насны цөв ирснийг л харуулж байгаа юм. Үзлийн цөв гэдэг бол сэтгэл буруутахыг хэлж байгаа юм. Буянд зоригдож юм хийхээс илүүтэй нүглийн сэдэлтэй юманд баясч, цаг үрсэн дэмий юманд ач холбогдол өгч, архи дарсанд шунаж, шөнөжингөө баардах, дэмий хов жив ярихдаа сэтгэл нь баясахыг үзлийн цөв гэж байгаа юм. Гэрийн авгай нарт зориулсан савангийн хөөс Солонгосын киног ид хийж бүтээх насны залуучууд их үзээд, бүүр хийморьгүй болчихсон орон дээрээ хэвтэж байх юм. Энэ бол туйлын эмгэнэл. Бүгдээрээ сайхан мод таръя, асрамжийн газрын хүүхдүүдийг халамжлая, уул овооны хогийг түүе, буяны үйл хийе гэхээр хөдлөхгүй, мөнгө ч байхгүй. Харин нэг шил архи хуваагаад ууя гэвэл маш хурдан гүйгээд гараад ирдэг. Энэ бол муу юмандаа дадамгай болж байгаагийн шинж. Буян хийе гээд маш сайн хичээвэл 70 хувь биелнэ, нүглийн сэдэлтэй үйл хийе гэвэл 200 хувь биелэх ийм цаг ирсэн байна. Энэ бол сайн муу, ус сүү хоёрыг ялгахад бэрхцөвүүн цаг ирсний шинж. Цөвүүн цагийг хувьсгал гарч эхэлсэнээс хойш гэж үздэг. Цөвүүн цагт ариусалын гэгээн орд харшийг малын саравч болгож, эрдэмтэй лам хуваргуудыг хар, малчин болгож, Чингисийн алтан ургийнхныг боол болгож, харц боолууд нь хаан болж төрийг барина гэж байгаа. Одоо яг л тийм байгаа биз дээ. Алтан ургийнхныг бүгдийг нь цөллөгт нутаг зааж явуулаад, цус холилдсон хүмүүс төрийн толгойд гарсан. Лам хуваргууд муу хүмүүс байсан уу гэвэл үгүй шүү дээ. Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан, тухайн үеийн сэхээтэнүүд бол лам нар. Лам нарыг устгахгүй бол Монголд гадны бодлого явуулах боломжгүй байсан. Лам нарыг буюу үндэсний сэхээтнийг устгаж байж коминтерн өөрийн бодлогоо Монголд явуулах боломжтой болсон. Мал хариулж байгаа хүн малаа л бодохоос биш холыг харж чадахгүй, тэдэнд тийм хэмжээний мэдлэг ч байхгүй учир тархийг нь угаах маш амархан байсан. Тиймээс эхлээд эрдэмтэй лам нарыг нь хомроглон устгасан.
-Лам нарыг устгахгүйгээр Монголд шинэчлэл хийх боломжгүй байсан гэж ярьж бичдэг болоод байгаа шүү дээ?
-Тухайн үеийн нийгмийн сэхээтнүүд лам нар байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Анагаах ухаанд л гэхэд лам нар л хорт хавдрыг ч эдгээж байсан түүх байгаа. Одоо ч эдгээж ч байна. Зуд зурхан, ган гачиг болох юм уу гэдгийг лам нар л урьдчилан хэлээд аваад үлдэж л байсан. Одоогийнх шиг нэг зуднаар хамаг малаа алдчихаад суудаггүй байсан. Өндөр гэгээн Занабазараас авахуулаад дэлхийд гайхагдах олон сайхан бүтээлийг лам нар л хийсэн. Ноён хутагт Данзанравжаа аугаа шидээрээ үхлийн өвчин туссан хүнийг босгоод ирсэн баримт олон байна. Энэ хүний аугаа яруу найраг, дуулал хөгжим жүжиг нь байна. Дэлхийн суут хүн болчихлоо. Гэтэл одоо болтол бид түүхээ ч, түүхэнд оруулсан лам нарын хувь нэмрийг ч мэдэхгүй сууж байгаа л байхгүй юу. Лам нарыг устгасаны гайгаар манай ёс уламжлал, нарийн увидас номнууд бүгд үгүй болсон. Тийм учраас бид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болж,бүхэл бүтэн нэг үе төөрч будилж, үр дагавар нь одоо гарч байна. Ямарч ёс жудаггүй болсон. Үндэсний үзэл алга болж харийн орныг хуулбарлан дуурайх болсон. Нэг үе Америкаар өвчилж байсан бол сүүлийн үед Солонгосоор өвчилж байна. Оюуны хоосролд залуу үе маань асар хүчтэй орчихсон нь харамсалтай.
-Тэр цөвүүн цаг тэгээд өндөрлөх дөхөж байна уу? Өрнөл дээрээ л яваад байна уу?
-Нэлээд явнаа. Хүмүүсийн энэ байдал сайжиртал явна. Зөвхөн Монгол ч гэлтгүй хүн төрөлхтөн материаллаг юм руу шунаад ганцхан өөрийнхөө тав тухыг бодоод байгаль дэлхийгээ ихээхэн сүйтгэж байна. Алт бол газрын гагнаас. Газрын гагнаасыг нь ухаад авчихсанаас болоод ус ургамал устаж байна. Цөлжилт асар хурдтай явагдаж байна. Цаашид ч бүр хурдасна. Цөлжилт нүүрлэхээр амьд амьтад яаж амьдрах вэ. Дэлхий даяараа нийтээрээ байгаль эхтэйгээ зүй бусаар харьцаж байна. Үүний үйлийн үрээ удахгүй эдэлнэ. Бид нийтээрээ аюулын зааг дээр ирчихсэн. Яг өнөөдрөөс зөв замаар явах юм бол 50 хувийг нь авч үлдэх боломжтой. Үгүй бол эх дэлхийгээ аврах боломжгүй болно гэдгийг ухаарах цаг нь ирчихсэн шүү.
-Хэдийгээр цаг муудаж байгаа ч гэлээ Монголчууд тэнгэр заяатай ард түмэн гэдэг. Сэхэх цаг ойрхон болов уу?
-Муур гэдэг амьтан луу болно гэдэг хий хоосон мөрөөдөл. Харин лууг муур болгоно гэж хэзээч байдаггүй. Бид тэнгэр язгууртай хүмүүс гэж зүгээр ч яриагүй байх. Тийм болохоор манайхан одоо унтаж буй баатар юм. Сэрэх цаг нь дөхчихсөн байгаа. Одоо бид мөнгөгүй чадалгүй байгаа нь чухал биш. Бидэнд дэлхийг донсолгосон түүх бий. Энэ түүх давтагдах нь баараггүй. Түүх эргэдэг. Оюуны хоосролд эзлэгдсэн өнөөгийн цаг үе удахгүй төгсөнө. Монгол улс хүчирхэгжинэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Удахгүй мандан бадрана. Харин бид тэр цагийн хүмүүсийн суурийг зөв тавьж, өсч өндийх бордоог нь сайн хийж өгөх л хэрэгтэй. Хоёр хүчирхэг гүрний дунд буй улсад зовлон бас их бий. Хоёр хөрш маань биднийг бар гэдгийг нь багаас нь таниулахгүй чи бол муур гээд ойлгуулах бодлого явуулаад байна. Барыг багаас нь муур шиг байлгаад байвал өөрийгөө тэгж ойлгоод муур шиг амьдрана. Түүнтэй л адил. Чи бол бар гээд хэлчих юм бол хүчээ мэдэрчихээд дийлдэхгүй. Тийм л юм.
-Төвдөөс бидний авсан бурхны шашин хүнийг нэг тийм сул дорой хүлцэнгүй болгодог гэж шүүмжлэх нь бий. Юу нь ойлгогдохгүй Тангад ном уншаад байхаад Монгол хэлээрээ уншлагаа хийвэл ямар вэ?
-Төвдөөс бурхны шашныг манайхан авсан гэж их ярьдаг. Тийм биш шүү дээ. Бурхан багш Энэтхэгт мэндэлсэн. Олон олон тэндээс л бурхны шашныг авсан. Өөр өөртөө тохируулан шинэчлэн төгөлдөржүүлэн найруулсан. Манайхан Төвдөөс биш,Энэтхэгээс авсан. Эзэн богд Чингис хааны үед ч бурхны шашинтай байсан. Хувилай хааны үед төрийн шашнаар бурхны шашныг тодорхойлж байсан. Бүүр Хүннү, Сүннүгийн үеэс бурхны шашныг сонголт хийгээд авсан баримт ч бий. Хор Зава Дамдин ламын Хор Чойжүн номон дээр бүгд дэлгэрэнгүй байгаа. Авахдаа Монгол ёс заншилтай нэгтгээд бүүр төгөлдөржүүлж авсан баримт бий. Манайхан Төвд судар уншаад байна гэдэг. Гэтэл манай дээдсүүд эрдэмтэн лам нар тэр хэл дээр ном судраа биччихсэн байдаг. Хуучин Монголоор ч биччихсэн бий л дээ. Уншлагын заслын бүх судрууд төвдөөр, санскритаар, соёмбоор, дөрвөлжин бичгээр ч байна. Төвдөөр уншихад гэм байхгүй. Нэг л бурхны сургааль юм чинь ямар ч хэлээр байж болно. Төвд номын хэл бол ярианы хэлнээс өөр. Тэнгэрийн хэл. Олон олон бурхад, манай дээдсүүд энэ хэлээр нь уншиж судалж байсан учир маш жанлавтай, адислалтай хэл.
-Тасарсан ёс уламжлал эргээд сэргэх гэж ядаж байна. Энд нэг юм хэлэхэд лам нар бизнесийн маягтай болсон нь харагддаг. Далай лам хүртэл Монголд бурханы шашин арай өөр хэв маягаар дэлгэрч байгаад харамсаж байна гэж шүүмжилсэн байна лээ?
-Сайнтай муутай сав дүүрдэг. Бидний ёс уламжлал бүгд тасарсан. Одоо эргээд сэргэх гээд ядаж байна. Чадах чадахгүй олон хүмүүс гарч ирж, сайн чадалтай лам нарынхаа нэр хүндийг унагаж байгаа ч юм бий. Тэрнээс зарим нэг нь Далай багшийн нүдэнд харагдсан нь тэр л байх. Түүнээс биш би нийтээрээ тийм муу гэж хэлж чадахгүй. Надад бол мундаг номтой эрдэмтэй лам нар олон л харагддаг. Ер нь би лам нарыг муулах дургүй.
-Яах ёстойгоо хүмүүс сайн мэдэхгүйгээс нэг хүн тэр сайн шүү гэхээр тийшээ давхиж очоод л энэ сайн гэвэл ийшээ ханараад л байна. Түрүүвчээ даллана баяжина, уулан дээр гарна хийморь сэргэнэ гээд хуйларч өгөх юмаа?
-Баяжина гэдэг үгэнд би дургүй. Манайхан эртнээс эрхэм баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд адгийн баян эд баялаг гэж ирсэн. Бид эд материал цуглуулснаараа баян хангалуун сэтгэлийн амар амгалан байж чадах уу гэвэл үгүй шүү дээ. Би UB паласт “Буян хишгээ тогтоох уу” гэдэг лекц уншсан. Өөрийн чинь хэлдэгээр түрүүвчээ даллаж, уулан дээр гаръя, мөнгөний даллага гээд их сонин оюуны хоосролтой юм яриад байгаа юм. Энэ бол цэвэр мухар сүсэг. Шинжлэх ухаан хөгжсөн энэ зуунд хүнийг мал мэт ингэж харьцаж болохгүй л дээ. Хүний хэрэгцээ бол байна. Монголчууд ядуу байна. Халаасандаа мөнгөгүй байна. Энэ ядуу сэтгэл зүй дээр тоглолт хийж байна. Түрүүвчээ даллачих юм бол баяжих юм болов уу гэсэн ядарсан хүний сэтгэл зүй дээр тоглож л байгаа хэрэг. Энэ бол том нүгэл. Би ийм юманд битгий итгээрэй гэж хүмүүсийг уриалдаг. Хүн нэг өдрийн дотор баяжина гэж хэзээ ч байхгүй. Хүн хөдөлмөрлөж байж хөрөнгөтэй болно. Дээрээс нь өөрийнхөө сэтгэл дээр ажиллах ёстой. Өөрийн шуналын, харамын сэтгэлээ үлдэн хөө. Өглөгч бай. Хүн өөрийн сэтгэлээ, саваа зас. Шуналын , харамын, атаат сэтгэлээр өөрийн чинь сав буртаглагдсан бол хэзээ ч баяжихгүй, буян хишиг ч тогтохгүй.Эд хөрөнгөтэй баян байя гэвэл хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуу насандаа илжиг мэт зүтгэ. Юун зурагт үзэх, комьпютер тоглох вэ? Юу ч ярихгүй, илжиг мэт л зүгээр хөдөлмөрлө. Тэртэй тэргүй нас ахиад ирэхээр хөдөлмөрийн чадвар буураад ярьдаг л болно. Оюун санаагаа цэгцлэх хэрэгтэй. Зөв бай. Шуналын, атаачмуу сэтгэлтэй байх юм бол хичнээн ч хөдөлмөрлөөд нэмэргүй. Хувь хүн өөрөө ухаантай байхгүй бол хорлогдох, хууртах, төөрөгдөх, ашиглагдах магадлал асар өндөр байна. Одоо их хатуу нийгэм ирчихсэн байна. Хүнд зөв мэдлэг тогтоод үнэн мэдлэг суучих юм бол хэзээ ч хүнээр тархиа угаалгахгүй. Юм болгонд ерөндөг байдаг. Өвчин тусахад эм ууж байж эдгэрдэг шиг өглөг өгч байж л баяжина гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл баяжихын ерөндөг бол өглөг юм.
-Хүнд битгий хэл өөртөө байхгүй юмыг өгнө гэж юу байх вэ дээ гэх хүмүүс олон бий?
-Байнаа, зөндөө байна. Хүнд сайхан сэтгэл байна. Урмын үг хэлж чадна. Настай хүнд тусалж чадна. Өвчтэй хүнд эмийг нь дөхүүлээд өгч чадна. Заавал хүнд мөнгөн аяга май гээд өгөх ёстой биш лдээ.
-Бумба тахиулна, баяжина гээд Амарбаясгалант руу намартаа давхидаг. Гандан ч бас Гонгорын бумба тахидаг болж?
-Бумба тахих гэдэг бол эртнээс байсан зан үйл. Энийг үгүйгэж болохгүй. Хүн өөрөө зөвхөн хөдөлмөрлөөд зүтгээд амжилтанд хүрэх бас асуудалтай. Биднээс хамаарахгүй далдын хүчин зүйл зөндөө бий. Хувь хүний чадал хүрэхгүй зүйл асар их байдаг. Энийг даван туулахын тухайд олон зуун мянган жил итгэл сүжиг гэж айхтар юм байсан. Ямарваа нэг итгэж шүтэж эрхэмлэдэг юмтай байж хүн өөрөө хүн гэдэг утгаараа байна. Юу ч шүтдэггүй, юу ч дээдэлдэггүй, би өөрөө өөртөө итгэдэг гээд байгаа хүмүүс их осолтой. Бурхан шүтэж чадахгүйбол ээж аавыгаа хүндэл, хайрла. Тэгж байж бусдыг хайрлах тухай яригдана. Ээжийгээ хайрлахгүй хүнд эхнэрээ хайрлах тухай яриад яах юм. Сайхан амьдралын тухай яриад ч хэрэг байхгүй. Харин тэр Шүгдэн шүтэх тухайд бодох зүйл бас бий. Шүгдэн бол хатуу тангарагтай. Шүтэж буй хүнээ нэг л алдаа хийхийг уучилдаггүй. Нэхэл хатуутай. Амины нэхэлтэй. Тиймээс олон сайхан ерөөлтэй шүтээн бурхад байхад заавал тэр хатуу нэхэлтэйг шүтэх нь тийм ч зөв биш гэж бодож байна.
-Энэ хорвоод хүн жаргах л гэж ирсэн гэдэг. Үнэндээ тэр жаргал нь хаана байна гэж асуух нь олон?
-Жаргалыг хүн өөрийн ухааны хэмжээгээройлгодог. Албан тушаал эрх мэдэлтэй болох ч юм уу эсвэл олны танил нэр алдартай болох, хөрөнгө мөнгөтэй болохоороо аз жаргалтай болно гэж боддог. Зөвхөн Монгол ч биш дэлхий дээр яг ингэж бодож байгаа хэдэн зуун сая хүн байгаа. Гэтэл яг хүсээд байсан юмаа авахаар нөгөө жаргал гээч чинь хаана байнаа гэдэг. Харин ч хүссэнээ авснаараа маш их зовлонтой болчихсон байдаг. Буддын шашинд сэтгэлийн амар амгалан бол хамгийн их амар амгалан гэж сургадаг Хэзээ ч зовлонд унахгүй мөнхийн амар амгалан байя гэвэл өөрийн муу сэтгэлийг дарж чадаж гэмээн амар амгаланд очно. Түүнээс биш энэ ертөнцийн амар амгалан гэж хайх юм бол байхгүй. Энэ ертөнц хуурамч, хувирашгүй чанартай юм нэгээхэн ч үгүй. Орчлон өөрөө шимгүй, мөнх бус. Хүн өөрийнхөө сэтгэлийг жолоодож сураагүй учраас зовлон руу давхиж очоод байгаа юм. Зовлонтой байна гээд бодоод явтал тэр нь үнэхээр амар амгалан байсан ч байх шиг. Сэтгэлийн боловсролгүй байдалдаа хөтлөгдөөд хүслээрээ байнга зовж явдаг. Нэг ipone утасаваад дараагийнх загварыг гарахаар бас авах юмсан гээд л шаналж эхэлдэг. Уг нь ялгаа байхгүй л дээ. Ярьж л байвал нэг л чанартай юм. Гэтэл шуналын сэтгэл нь зовлон руу хөтлөөд яваад байна хүнийг. Байгаа юмандаа сэтгэл ханахгүй байх, хэтэрхий их материаллаг юманд шунах, сэтгэл нь ариусаагүй байх юм бол мөнхийн зовлонд байх болно. Өөрийнхөө сэтгэлийг жолоодоод сурчихвал мөнхийн амар амгаланд хүрч болно. Энэ арга замыг бурхны сургаальд нарийн заагаад өгчихсөн байдаг. Ертөнцөд зовох гурван шалтгаан байдаг. Мунхаг,эс мэдсэнээсээ болоод зовдог. Уураар зовлонд унаж байдаг. Шунал тачаалаас болоод бас зовлонд унадаг. Энэ гурван сэтгэлийг дарчих юм бол мөнхийн амар амгалан ирэх юм. Гэгээрнэ гэхээр гэрэл цацраад л шал өөр болчих юм шигээр ойлгоод байдаг.
Гэтэл тийм биш шүү дээ. Гол нь өөрийн сэтгэлд байгаа хирийг угааж арилгах л юм. Бид ариусаагүй сэтгэлдээ хөтлөгдөөд л яваад байна. Юу хүснэ тэрийгээ л хийх гээд л, юу авмаар байна тэрийгээ л авах гээд л зүтгээд авч чадахгүй бол амиа хорлох гээд байдаг. Тэгэх хэрэггүй л байхгүй юу. Больчих л хэрэгтэй. Буцлаад байгаа шуналын сэтгэлээ дарчих л хэрэгтэй. Хүн сэтгэлээ ариусгахгүй бол галзуу араатан шиг байна. Галзуу араатныг төмөр гинжээр гинжлээд бодь сэтгэлийн модонд хүлээд хаях юм бол эхэндээ хүссэн дассан юм руугаа үсрээд л орилоод хашгирч байснаа аяндаа номхорч унтаад өгчихнө. Цагаан зам руу яваарай. Битгий хар зам руу яваарай. Үнэнч шударгын талд байнга зогсож яваарай. Хөдөлмөрч шударга хүнийг амьдрал байнга шагнаж байдаг. Үүнд 100 хувь итгэлтэй байж болно.
Ц.Хэрлэн