Сонгуулийн “Шизо” Говьсүмбэр аймагт халдварлалаа

Удахгүй болох УИХ-ын сонгуультай холбогдуулан зарим нэг аймгийн Засаг дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулах үйл ажиллагаа идэвхтэй явагдах болсон.

Үүний нэг нь Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчид аймгийнхаа засаг дарга Л.Одсэрийг шинэ оны өмнөхөн огцруулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг илгээх болсон. Өөрөөр хэлбэл, түүнийг төрийн албанд нэг ч жил ажиллаагүй хэрнээ хууль бусаар Засаг дарга болсон хэмээн үзэж буй юм. Товчхондоо төрийн албанд ажиллах шаардлага хангаагүй этгээд гэдгийг нь Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад хүргүүлсэн түүний тухай танилцуулга нотлогддог байна.

Тэрбээр тус аймгийн Засаг даргаар ажиллахаас өмнө “Чойр хайрхан” ХХК-ны ерөнхий захирал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан болохоос бус төрийн албанд ажилласан гэдэг нэг ч намтар байдагүй юм байна. Тиймээс л тус аймгийн ИТХ-ыхан Л.Одсэрийг хууль бусаар Засаг дарга болгосон хэмээн үзэж буй аж. Түүнчлэн, түүнийг 2013-2014 онд Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаал, Орон нутаг хөгжүүлэх сангийн зааврыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж АТГ-т шалгуулахаар болсон байна. Тухайлбал, тэрбээр Орон нутаг хөгжүүлэх сангаас тендер зарлалгүйгээр “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж аймгийн ИТХ-ын даргад “Тоёото Ланд 200” автомашиныг 115.6 сая төгрөгөөр, “Оргилмөнх трейд” ХХК-иас 2008 онд үйлдвэрлэсэн “Тоёото Ланд 200” автомашиныг 69.7 сая төгрөгөөр худалдан авч аймгийн Цагдаагийн хэлтсийн даргад, мөн 2014 онд “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж “Тоёото Ланд 200” автомашиныг 145 сая төгрөгөөр өөрийн хэрэгцээнд зориулж тус тус худалдан авсан гэх. Түүнчлэн Сангийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 4-1/2884 тоот тушаалын хоёрт “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын шинэ барилга, худалдан авах автомашин, тавилга, тоног төхөөрөмжийн болон тэдгээрийн урсгал зардлыг Төсвийн тухай хуулийн 60.4 дэх заалтын дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхгүй” гэх заалтыг зөрчсөн аж.

Түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлийг өмнө нь Сангийн яам шалган тогтоож байсан ч өнөөдрийг хүртэл таг дуугүй байсан аж. Энэ мэтчилэн сонгууль дөхөөд ирэх үед идсэн, уусан нь гэнэт гараад ирдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2013 оноос хойш яагаад түүний энэ мэт хууль бус ажиллагаа одоо ил гарах болов гэдэг нь хачирхалтай. Ийм л нэгэн үйл явдал Говьсүмбэр аймагт өрнөөд байна. Ямартай ч аймгийн Засаг дарга Л.Одсэрийг төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж үрэн, таран хийсэн үү гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллага тогтоох нь гарцаагүй.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button