“Hero”-гийн Б.Баатар “алдагдсан” гэх дүрс бичлэгийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд “Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар болон хөтлөгч П.Анужин нарын санаачлан хэрэгжүүлсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг тарж, олны анхааралд өртлөө. Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гарч байгаагүй тэрхүү нууц бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар өртсөн нь олон хүний анхаарлыг татах болсон юм. Нөгөөтэйгүүр тухайн бичлэгийг үзсэн хүн бүр нүүр номынхоо найз нартай сэтгэгдлээ хуваалцаж, тэрхүү нийгмийн сүлжээнд цацагдсэн бичлэгийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа харагдсан. Ингэхдээ нийгмийн олонх нь тухайн бичлэгийн “Баатар”-уудыг жигшин зэвүүцсэн өнгө аястай байлаа.
Харин “Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар тухайн дүрс, бичлэгийг зориуд цацаагүй, “алдагдсан” гэх тайлбарыг өгч байна.
Тиймээс алдагдсан нууц бичлэгийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийж, олон нийтэд тайлбар өгөхөөр боллоо.