2.1 тэрбумын өртөгтэй Шилэн дансны сайт шуугиан дагуулав

Өчигдөр сошиал ертөнцөөр Шилэн дансны албан ёсны сайт шинэчлэгдсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж шүүмжлэл дагуулж байлаа.
Энэхүү шинээр мэндэлсэн сайтыг “IT ZONE”-ын залуус 2.1 тэрбум төгрөгөөр хийсэн аж. Тодруулбал, Шилэн дансны мэдээллийг байршуулах сайт хийх захиалгыг Сангийн яам өгч, сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтад “IT ZONE” компани шалгарч, хоёр тэрбумаар үнэлэгдсэн дээрх сайтыг хийсэн нь ийнхүү цахим ертөнцөд шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, олноо “Шилэн Цогоо” хэмээн алдаршсан тэрбээр уг сайтын талаар өөрийнхөө фэйсбүүк хуудастаа дараах мэдээллийг тавьсан байв.
Тэрбээр “ Уг сайтыг 2.1 тэрбумаар хийсэн гэхэд итгэх үү Сангийн яамнаас захиалж худалдан авахынх нь Э.Хангай, Тамгын дарга Ш.Жандос гэдэг нөхдүүд шалгаруулсан гэнэ. Арай ч дээ. Ийм хогийн JAVA сайт тэгээд 2.1 тэрбум байхдаа ч яах вэ дээ, тоглож байгаа байлгүй дээ. Урьдчилгаа болгож 180 сая төгрөг өгч байсан байх юм. Хуучин Шилэн данс нь 100% дээр байж. Энэ сайтад ажиллаж байгаа линк ч алга, мэдээлэл ч алга” хэмээн бичсэн нь олон хүнийг цухалдуулж байсан юм.