“Алтайн Хүдэр”-ийнхэн хямралаар далимдуулж ажилчдынхаа хагас жилийн цалинг олгоогүй байна

"Алтайн Хүдэр" ХХК-ийн ажилчид  өнгөрсөн баасан гарагт компанийнхаа төв байрны үүдэнд  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаалд сүүлийн зургаан сарынхаа цалинг авч чадаагүй 80 гаруй ажилчид оролцсон юм. Тодруулбал "Алтайн хүдэр" ХХК нь 2015 оны зургаадугаар сараас хойш ажилчдадаа цалин өгөөгүй бөгөөд 2013, 2014 оны ээлжийн амралтын мөнгийг нь ч олгоогүй байна. Тус компанид нийт 1200 гаруй ажилтан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 800 орчим ажилтан ийнхүү олон сарын цалингаа авч чадалгүй хохирч үлдээд байгаа аж. Эдгээр 800 ажилтан нь бүгд уурхайд буюу хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс юм байна. Харин цалин авсан хүмүүсийн тухайд  тээвэрлэлтийн  жолооч нар болон оффисийн ажилчид  аж. 

Жагсаалд оролцсон ажилчдын хэлж буйгаар  цалин аваагүй хүмүүсийн дундаж нь 3-4 сая төгрөг хамгийн дээд тал нь 10 гаруй сая төгрөгийн цалин авах хүмүүс байгаа юм байна. Тэд оны өмнө мөн цуглаж компанийн удирдлагууддаа шаардлага хүргүүлэхэд  он гарахаас өмнө шийдвэрлэж өгнө гэсэн боловч одоо хэр нь шийдэж өгөөгүй байна. 

"Алтайн хүдэр" компанийнхан ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаагаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж хөрөнгө мөнгөгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг дэлхийн зах зээл дээр унаж байгаагаас үүдэлтэй гэх тайлбарыг өгдөг байна. Тус компани  сүүлийн  хоёр жил байнгын алдагдалтай ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.

Тэгвэл  алдагдалтай ажилласан жилүүдэд ч биш өмнө нь ч тус компани ажилчдынхаа цалинг өгдөггүй асуудал байсан гэдгийг ажилчид нь хэлж байна. Аль гурван жилийн өмнө нь   цалин хөлсөө өгөхгүй хоёр, гурван сараар хойшлуулж алдаг оног өгдөг байсан аж.  Тэгээд ч олон хүний хөлс, хүчийг шавхан ажиллуулчихаад эдийн засгийн хямралтай  холбон тайлбарлаж олон сарын цалинг нь өгөхгүй байх нь үндэсний томоохон компанийн хэлэх тайлбар биш л байлтай. 

Ер нь энэ компанитай холбоотой олон асуудал байдаг. Олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг хэмээн хэдэн жилийн өмнөөс л ТББ-ууд болоод иргэдийн төлөөлөл  тус компанитай зөрчилдөж ирсэн. Гэвч  энэ компанид Монгол улсын хууль дүрэм үйлчилдэггүй бололтой. Өдгөө үйл ажиллагаагаа зогсоож олон зуун ажилчны хагас жилийн цалинг өгөхгүй гудамжинд гаргачихаад хотод байдаг төв оффис руу гаа нэвтрүүлэхгүй хөөж туусан байдалтай байна. 

Тус компанийн төв оффис Монгол улсад байрлах Болгарын элчин сайдын яаманд байрладаг бөгөөд тийшээ нэвтрэхийн тулд ГХЯ-наас зөвшөөрөл авч нэвтэрдэг байна. Өндөр харуул хамгаалалттай  уг бүс рүү жирийн ажилчид болоод хэвлэл мэдээллийн ажилчдыг нэг  ч алхуулдаггүй ийм нэг хаалттай, хэмжээгүй эрхт компани олон зуун ажилчдыг хохироочихоод  хямрал яриад хээв нэг сууж байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар компанийн удирдлагууд нь өдгөө гадаадад яваа аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button