Л.Месси тав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Өнгөрсөн шөнө уламжлал ёсоор Швейцарын Цюрих хотноо дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Шилдэг гуравт Реал Мадридын К.Роналдогоос гадна Барселонагийн хоёр тоглогч болох Месси, Неймар нар шалгарч үлдээд байсан юм.
Ингээд “Алтан бөмбөг”-ийн эзнээр Л.Месси шалгарлаа. Тэрбээр тав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгч болж байгаа юм. Түүний гол өрсөлдөгч К.Роналдо 2014 оны шилдгээр шалгарч, нийтдээ гурван удаа энэ шагналыг хүртсэн билээ. Сүүлийн есөн жил шилдэг гуравт үлдэж буй Л.Месси, К.Роналдо нар найман жилд нь ээлж дараалан энэ шагналыг хүртсэн.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулах ёслолын үеэр шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, шилдэг гоолын эзэн, өнгөрсөн оны бэлгэдлийн шигшээ баг буюу гараны 11 тоглогчийг шалгаруулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн оны шилдэг эмэгтэй тоглогчоор Карли Ллойд, шилдэг гоолын эзнээр Венделл Лира, шилдэг дасгалжуулагчаар Луис Энрике нар тодорсон бол гарааны 11 тоглогчоор Тиаго Силва, Марсело, Серхио Рамос, Дани Алвеш, Андрес Иньеста, Поль Погба, Лука Модрич, Неймар, Криштиано Роналдо, Лионель Месси нар нэрлэгдлээ.