Замын төлбөр хураах цэгийн барилгыг бариагүй байж мөнгө гаргуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Зам, тээврийн сайдын шуурхай өнөө өглөө болжээ. Шуурхайгаар Зэм тээврийн сайд М.Зоригт холбогдох газрын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.
-Харьяа газар, агентлагууд оны эхний хагас жилд хийх ажлаа, сар сараар төлөвлөж, онц чухал ажлын жагсаалтаа гаргаж өгөх,
-МИАТ компанийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд ЗТЯ, ИНЕГ хамтарч бүтэц зохион байгуулалтын хувьд тусгай арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Ойрын хугацаанд холбогдох дарга нар МИАТ-ийн ТУЗ-тэй уулзаж, асуудлуудаа яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
-ЗТЯ хойд, урд хөрштэй төмөр замын асуудлаар олон удаа уулзалт хэлэлцээрүүд зохион байгуулж байгаа билээ. ОХУ-ын тал УБТЗ-ын өөрчлөлт шинэчлэлтийн асуудлаар саналууд ирүүлж байгаа ч УБТЗ-ынхан энэ асуудалд оролцохгүй байгааг хатуу анхаарч, ЗТЯ-тай ойр, хамтарч ажиллахыг анхааруулав.
-АТҮТ нээлттэй, хяналттай сайн ажиллаж байгаа ч хэт их ашгийн төлөө явж, хэтийн төлөв, аюулгүй байдал, мониторингийн ажлуудаа орхигдуулж байгааг анхааруулав.
-АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудаа ГХЯ-тай ойр ажиллаж, улам эрчимжүүлж, яаравчлахыг яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газарт анхаарууллаа.
-Ховд аймгийн Булган сумын замын төлбөр хураах цэгийн барилгын ажлыг хийгээгүй байж хийсэн мэтээр баримт бүрдүүлж мөнгө гаргуулсан холбогдох албан тушаалтнуудад 2 хоногийн дотор хатуу хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Б.Мандатад даалгалаа.
-УБТЗ Замын-Үүд-Улаанбаатарын суудлын галт тэргийг Эрээн рүү гаргаж эхэлсэн байна. Ингэснээр зорчигчид Замын-Үүдэд бууж, Эрээн рүү автобус, машинаар гардаг хүндрэл бэрхшээл багасна.
-Улаанбаатар-Эрээний чиглэлд зорчигч тээвэрлэж буй гурван компанийг тендерээр сонгон шалгаруулаагүй, шууд гэрээ хийх 2015 оны 7-р сард гаргасан ЗТ-ийн сайдын тушаалыг хүчингүй болгож, асуудлыг хууль журмын дагуу шийдэхийг Авто тээврийн хэлтэст үүрэг болголоо.
-ТӨХ татан буугдаж, Төрийн өмчийн тухай хуулийг УИХ батлах гэж байна. Тиймээс төрийн өмчит компани, төсөвт үйлдвэрийн газрууд зохион байгуулалтын асуудлаа одооноос шийдвэрлэ.
-Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн АЗЗА-нууд, зам барилгын компаниудын гүйцэтгэлийн мөнгийг олгуулах ажлыг Сангийн яам удаашруулж байгаа тул Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж шийдвэрүүлэхээр болов.
olloo.mn