Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг томиллоо

Чуулганы хуралдаанаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хугацаа болоогүй ч АН-аас Ж.Батзандангийн нэрийг Өргөдлийн байнгын хороонд нэр дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзандан ажиллах гэж байгаа юм байна. Ж.Батзандан нэг хийрхэхээрээ хийрхээд явчихдаг. Битгий тэгээсэй хэмээн захиж байна” гэлээ.
Харин Ж.Батзандан гишүүн “2012 онд шинэ УИх байгуулагдаад Өргөдлийн байнгын хороог манай гишүүд олонхын саналаар байгуулсан. Монголын төр дүлийн дүмбэ байна. Ард түмнээ сонсдог болъё гээд энэ хороог байгуулсан. Энэ байнгын хорооны дарга О.Бурмаа гишүүн, О.Баасанхүү гишүүн боломжийнхоо хэрээр ажилласан. Ард түмнийхээ төлөө явж байгаа хүмүүсийг хийрхэж байна гэж харж болохгүй” гэв.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан нь их сайн хэрэг болсон. УИХ-ын гишүүдэд ирдэг саналыг тус байнгын хороо хүлээн авч өмнөөс нь шийдвэрлэдэг болсон” хэмээгээд санал хураалаа.
Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаас О.Баасанхүүг чөлөөлж, Ж.Батзанданг томилох эсэхээр санал хураахад гишүүдийнх олонх нь дэмжлээ.
Ийнхүү өнөөдрөөс эхлэн Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзандан гишүүн ажиллахаар боллоо
olloo.mn